Завхан аймгийн зартай гавьяат жүжигчин С.Батсүх хоёр жилийн өмнө ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасан билээ.
Наснаасаа илүү олон тооны уран бүтээл гаргаж, урын сандаа олон дуутай түүний хөдөлмөрийг төр засаг ийнхүү өндрөөр үнэлж Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг атгуулсан. Гэхдээ энэ цолыг авахад нь цолонд хүртэлх хугацаанд арыг нь бат найдвартай даадаг, бүх юмыг хийдэг, гавьяатын галыг нь манадаг алаг нүдэн гэргий С.Рэнчинпагмыг нь хүмүүс тэр бүр таньдаггүй. Энэ алаг нүдэн бүсгүй Ардын жүжигчний тогооч, жолооч, уран бүтээлийн зөвлөгч, эхнэр гэх мэт олон ажлыг нь хийж өгдөг юм. С.Батсүхийн хувьд өмнө нь хоёр удаа амьдрал зохиосон бөгөөд алаг нүдэн гэргий нь түүний хувьд гурав дахь амьдрал нь юм. Өөрөөс нь олон насаар дүү энэ бүсгүй нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ ажиллаагүй бүхий л цаг хугацаа амьдралаа С.Батсүхэд зориулж, өөрийгөө золиослосон байдаг.
Тиймээс ч Ардын жүжигчний гаргасан амжилт бүхэн С.Рэнчинпагматай салшгүй холбоотой. Ардын жүжигчний хувьд нас залуу эхнэрээ байнга “Миний хөөрхөн бүлтгэр, торомгор хань минь” хэмээн өхөөрддөг эрхлүүлдэг ажээ. Харин олон насаар дүү эхнэр нь С.Батсүхэд үр хүүхэд төрүүлж өгөөгүй нь амьдралын гаслан гэлтэй.


