Төв аймгийн Эрдэнэсант суманд өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр болсон хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унасан хэрэг гарчээ.
Тус хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд ухаан орохгүй байсаар энэ сарын 1нд өөд болжээ.
Уг мэдээллийн талаар албаны эх сурвалж болох ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад Төв аймгийн Эрдэнэсант суманд найман настай хүүхэд мориноос унасан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Хүү морин уралдааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байхгүй гэв.
Албан бус мэдээгээр тухайн хүү эрлийз морины уралдааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байгаа бол албаны эх сурвалжид уралдаан сунгааны үеэр гэмтсэн гэх мэдээлэл байхгүй гэв.
Уралдаан, сунгаа үсэргээ аль нь ч бай үндэсний их баяр наадам болж байгаа энэ цаг үед эцэг эх, асран хамгаалагч та бүхэн болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.