Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх
гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүд тогтоогдсон байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас илэрсэн зөрчлүүдийг шийдвэрлэж, зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, төслийн удирдлагатай биечлэн уулзаж холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн боловч зөрчил дахин давтагдаж, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байсан тул төслийн удирдагч БНХАУ-ын иргэн Yang Yao-н Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Тэрээр визийн шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан аж.
Гэвч төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байгааг эх сурвалж онцлов.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг аливаа хэлбэрээр дэмжих, өөгшүүлэх, зуучлахгүй байх, хууль бус арга ажиллагаанд автахгүй байхыг анхааруулж, төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг сануулж байна.

