УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сүүлийн хэд хоногийн турш ХААН банкны Япон дахь хувьцааны асуудлаар “шүгэлдэж” байна. Сангийн сайдаар ажиллаж байсан учраас тэр учраа мэдэж ярьж байгаа нь ойлгомжтой.
Тэгэхтэй нь зэрэг түүнийг сөрөөд ХААН банкны Монгол дахь хувьцаа эзэмшигчтэй нутаг ус, хамаарал бүхий этгээдээрээ “хамсаатан” болсон гэх мэдээллүүд урсаж байна.
Монголчууд бараг л хүнтэй, малтайгаа барьцаанд нь байдаг гэх арилжааны банкууд дундаа хамгийн томуудын нэг ХААН банкны асуудлыг ярих нь зүгээр нэг жалга дов, ах дүүгийн асуудал биш юм. Тэр утгаараа ач холбогдлын хувьд “Эрдэнэт”-ээс хол дутахгүй. Харин өчигдөр нийтлэлч А.Баатархуяг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эхнэрээ Монголбанкны дэд Ерөнхийлөгч болгох гэж улайрч байгааг онцолсон билээ.
Харин өнөөдөр Ч.Хүрэлбаатар гишүүн өөрийн цахим хуудаснаа “ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил.
Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А. Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ” гэжээ.

