АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Нисдэг машин” худалдааны төвд байрлах АТҮТ-ийн салбарт шалгалт хийж, нотлох баримтууд бэхжүүлэн авсан нь цахим сүлжээнд олны анхаарал татлаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн ажилтан Батгэрэл гэх албан тушаалтанд холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан хэрэг нээн шалгаж буй аж. Эл тасгийнхан автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг Автотээврийн, Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хамтран 2010 онд баталсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулдаг. Харин хэрэгт холбогдон шалгуулж буй Батгэрэл нь эл хууль, журмыг зөрчин хахууль авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлж үнэмлэх олгуулдаг, тэнцээгүй жолооч нарыг дахин шалгалтад оруулалгүй мэргэшсэн жолооч болгодог байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж буйг эх сурвалжууд мэдээлэв.
Ташрамд дурдахад, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд төв, орон нутаг гэлтгүй албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон шалгуулж, зарим нь шүүхээр шийтгүүлж, нэг хэсгийнх нь гэм бурууг дэнслэхээр товлоод байгаа юм. Тухайлбал, өнөөдөр тус төвийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн байсан Г.Эрдэнэбулаг, бүртгэлийн мэргэжилтэн Л.Хантайшир зэрэг есөн хүнд холбогдох, “азын” дугаар наймаалж, хахууль авсан, өгсөн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатах дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товложээ.