Эмэгтэй хүний хөлийн улнаас үсний үзүүр хүртлэх бүх зүйл нь хамгийн сайхан байх учиртай.
Цаад учир нь эмэгтэй хүн бусдад үргэлж гоо сайхан, баяр баясал, аз жаргалыг өөрөөрөө мэдрүүлж, мэлмийг нь баясган явах ёстой юм гэнэ билээ.
Тэгвэл өөрийн төрсөн биеэ үнэтэй торгон дээлнээс эхлээд дэлхийн алдарт брэндүүдээр чимдэг үзмэрч бүсгүйг энэ удаад танилцуулж байна. Тэр бол үзмэрч, засалч Л.Нямаа.
Бага насаа гадаадад өнгөрүүлж, хорвоогийн өнгийг өөрийн биеэр таниж мэдсэн тэрээр олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлж, амьдралын зам мөрийг засч залруулдаг гэдгээрээ алдартай.
Хий биет, хийсгэлэн дүртэй орчлонгоос эхлээд тоост хорвоогийн мөн чанарын аль алийг нь хоршуулан амьдарч яваа Л.Нямаа бүсгүй алт, үнэт чулуугаар гоёхыг эрхэмлэдэг тун гоёмсог, дэгжин хатагтай.
Тэрээр нэг өдөр Францын алдартай брэнд болох “LV”-ээр гоёдог бол, маргааш нь алдарт “GUCCI”-ээр хөлийн улнаас, үсний үзүүр хүртэл гоёдог. Өөр нэг өдөр Италийн алдарт “Prada” брэндээр гоёдог бол дахин нэг өдөр Их Британи улсын алдарт “BURBERRY” брэндээр гоё нь хэвийн үзэгдэл.

Хүний өмсөж зүүх, идэж уух хувь нь хэмжээ хязгаартай байдаг гэдэг. Гэвч үзэсгэлэнт үзмэрч бүсгүйн хувь заяа энгийн хүнийхээс эгэлгүй их бололтой.
Магадгүй ард олны зовлонг нимгэлж, уул усаа аргадаж, лус савдагынхаа ивээлд багтдаг тул ийнхүү хэн хүнд олддоггүй буян хишгийн сан нь дүүрэн байдаг биз ээ.






