Орос Украины дайны асуудлаар Хятад улсын дарга Ши Жиньпин мягмар гаригт байр сууриа илэрхийлсэн. Тэрээр энэ удаа өөрийн байр сууриа Олон улсад хандаж илэрхийлсэн.

Ингэхдээ “ Хятад улс Украины дайныг намжаахын тулд ОУ-ын нийгэмлэгтэй идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдээд барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байна” гэлээ.
Ши Жиньпин Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай виртуаль утсаар ярих үеэрээ Европ тивд дахин дайн дэгдэж байгаад Хятад улс гүнээ гашуудаж байна гээд Хятад улс холбогдох талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах болно гэжээ.
Хятад, Орос хоёр барууныхныг эсэргүүцэх стратегийн сонирхолын хувьд нэгдмэл боловч Украинд үүссэн нөхцөл байдал тэдний найрамдлыг сорьж байна. Хятад улсын хувьд үүссэн нөхцөлд Оросыг буруушаагаагүй, мөн Москвагийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй. Шинжээчдийн үзэж буйгаар Хятад Орост туслахаар яараагүй, учир нь эдийн засгийн хоригийн эсрэг хятадын боломж хязгаарлагдмал, түүнээс гадна Бээжин шууд Оросын банкуудтай харьцаж, хоёрдогч хориг арга хэмжээнд өртөхөөс болгоомжилсон гэж тайлбарлаж байна.
Мөн Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын эсрэг эдийн засгийн хоригийг эсэргүүцэж, “тахалд нэрвэгдсэн дэлхийн эдийн засгийг сааруулж байна” гэж анхааруулжээ. Тэрээр “Бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын алсын харааг идэвхтэй сурталчлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

