Мартах ёсгүй хүн гэж байдаг. Тэр бол Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул юм.
Тэрээр Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, шагнал хүртээжээ.
Мөн “Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байлаа.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсны нэрэмжит Баян-Агт сумын номын сангийн нээлт, Яруу найрагч Л.Ганзулын “Хаан зүгийн хүн” бүтээлийн 1 дүгээр ботийн нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны 12:00 цагт Булган аймгийн Баян-Агт сумын Соёлын төвд хийхээр товложээ.
Уг арга хэмжээнд Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гишүүн яруу найрагчид, Шинэ мянган яруу найргийн нэгдлийн гишүүд, Болор цомын эзэн найрагчид болон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Батцэнгэл нарын уран бүтээлчид оролцож, “Хаан зүгийн хүн” дурсамж, хүндэтгэлийн уулзалт үдэшлэгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны 17:00 цагт Баян-Агт сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул агсны гэрэл зургийн үзэсгэлэн гарах ажээ.