Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн захиргаа сургуулийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр БЗД-ийн 8 сургуультай хамтран ажиллаж байгаа билээ.

2023 оны 3 дугаар 10-ны өдөр хамтран ажиллаж байгаа 8 сургуулийн удирдлагуудад сургуулийнхаа сургалтын орчин, үйл ажиллагааг танилцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд НБГ-ын дарга Б.Амартүвшин, БЕГ-ын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нар оролцлоо.
Сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлийн талаар үндсэн ойлголт авч, хүүхдүүд ямар орчинд хэрхэн суралцаж байгаатай биечлэн танилцлаа.
Цаашид 55 дугаар сургуулийн хамт олон дээрх 8 сургуультай хамтран ажилласны дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамран сургах жишиг аргачлал, зөвлөмжийг боловсруулж бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх юм.
Дашрамд дурдахад 55 дугаар сургууль нь индексийн урамшуулал олгох журмын дагуу нийслэлийн тэргүүний сургуулиудын нэгээр хоёр удаа шалгарсан сургууль юм.


