Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2023.04.19/ боллоо.

2013 оноос эхлэн Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн уг хурал нь дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж танилцуулах, хамтран хэвлэн нийтэлж түгээн сурталчлах, судалгааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ юм.
Монгол улс, ОХУ, БНХАУ, Унгар, ХБНГУ, Солонгос зэрэг улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд; монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил; Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээний фото сурвалжилгыг хүргэж байна.



