Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар/2024.08.16/ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 37 гишүүн асуулт асуухаар нэр өгсөн.
Тухайлбал, М.Мандхай гишүүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний “Чинээлэг малчин” хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэхийг тодруулсан юм.
Үүнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдврийн сайд Ж.Энхбаяр: “Өнөөдрийн байдлаар 189 300 гаруй малчин өрх дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувийг үйлдвэрлэж байна. Нийт малчин өрхийн 47500 малчин хамтарч 4680 хоршоо байгуулсан байна. Хоршоодоос зээл нь судлагдаад 442.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд 2025 онд зээл үргэлжилнэ. Ирэх жилд 500 тэрбум төгрөгийг хоршоог дэмжих хөнгөлөлттэй санхүүжилт хийгдэх болно” гэж хариулсан.
Ингэснээр улс орны хэмжээнд малчин өрхийг дэмжих “Шинэ хоршоо” хөдөлгөөний “Чинээлэг малчин” хөтөлбөр 2025 оны 12-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд хоршоодод 14 төрлийн үйл ажиллагааг дэмжиж зээл олгох юм байна.
Асуулттай холбоотойгоор нэмэлт мэдээлэл өгөхөд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сараас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэхээр болсон. Уг хөдөлгөөний хүрээнд 2024 оны 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 58,000 гишүүн бүхий 5637 хоршоо байгуулагдсан байна. Эдгээрээс 3719 хоршооноос нийт 508 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлтийг арилжааны банкнуудад ирүүлснээс 442 тэрбумын зээлийг нь олгож, одоогийн байдлаар Монголбанкнаас зээл олголтыг түр хугацаагаар зогсоогоод байна.