Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн долоо хоногт орон даяар 10 хичээлээр 43318 шалгуулагч 50 цэгт өглөө.
Өмнөх жилүүдийн шалгалтуудтай харьцуулахад хүндэрсэн гэдгийг багш, шалгуулагчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн хариулах гээд толгой нь эргэж байгаагаа нуусангүй.
Тухайлбал, хамгийн их шалгуулагч оролцдог нийгмийн хичээл дээр өнгөрсөн жилийн асуултуудтай харьцуулахад хүндэрч орж ирсэн. Сурах бичигт байгаа зүйл л асуусан гэх боловч энэ жилийн ЭЕШ-ын нийгмийн хичээл Буянгийн цэнхэр номоос голчлон орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурах бичгийн агуулгын хүрээнд байгаа ч асуулт нэг бүрийг харах юм бол ихэнх нь Буянгийн номд байх асуултууд байх жишээтэй. Мөн зарим асуултууд хэт хүнд байгааг цахим орчинд олон нийт шүүмжилж байгааг уншигч та бүхэн харсан бизээ.
Нийт 60 даалгаврыг 80 минутад амжиж хийх ёстой гэхээр нэг минутад нэг дасгал ажиллах ёстой болж байна. Гэтэл нэг асуултыг унших хугацаанд бараг нэг минут нь дуусахаар байна.
Энэ жилийн хувьд физик, математикийн хичээлийн нийцлийн дүн гэнэт өөрчлөгдсөн. Харамсалтай нь оноо нь нэмэгдэх биш хасагдсан. Ингэснээр цөөнгүй шалгуулагч босго оноогоо давахгүй хэмжээнд хүрсэн бөгөөд хариуцлагыг Боловсролын үнэлгээний төв хариуцахгүй гэв. Ингэж алдах байсан юм бол шалгалтын асуулт боловсоруулсан 30 хүнийг тэр олон хоног цагдаа, тагнуулын хамгаалалтад байлгах шаардлага байсан уу? Тэдэнд хэн ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй үлдэж байна.
Монгол хэлний хичээл дээр ойрад, буриад, баяд, казах аялага заавал сурах ёстой болох нь.
Өөрөөр хэлбэл их, дээд сургуулиудад ордог хичээлийг ЕБС-ийн сурагчдаас асууж байгаагаас эхлээд хичээл тус бүрээр бичвэл асуудал их байгаа.
Хэрвээ шалгалттай холбоотой асуудал үүсвэл БҮТ-д ирээд шалгуулж болно. Асуудлыг ажлын тав хоногт шийднэ. Асуудлыг шийдэхтэй холбоотойгоор шалгуулагч хүссэн сургуульдаа элсэж чадаагүй бол хариуцлагыг нь мөн л БҮТ хариуцахгүй гэдгээ мэдэгдсэн. БҮТ-ийн алдаанаас болж шалгуулагч хохирсон бол хохироод үлдэнэ гэсэн үг.
Шалгалтын үеэр хэд хэдэн асуудал үүссэн. Тухайлбал
Хэдийгээр Боловсролын үнэлгээний төв бүх хичээлийн бүх хувилбар бүхий тестийг олон нийтэд дэлгэсэн ч хариуг нь зарласангүй. Энэ болон ЭЕШ-тай холбоотой хэд хэдэн асуудлаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлж шалгалт авсан хичээлүүдийн хариунуудыг зарлах, даалгаврын тохирц, агуулгын хүрээний асуудалд мэргэжлийн багш судлаачдын баг ажиллуулахыг шаардаж байна.
Өөрөөр хэлбэл шалгалтыг агуулгаар нь авсан гэж байгаа ч асуултууд нь хүнд байгааг багш нар ч, шалгуулагчид ч, эцэг эхчүүд ч хэлж байна. Ийм байхад БҮТ-ийнхөн өөрсдийгөө өмөөрсөөр…
Шалгалтыг олон улсын стандартад нийцүүлсэн гэдгээ БҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн боловсролын чанар, хүртээмжээ хөрсөн дээрээ буулгаад хар. Хөрсөн дээрээ буугуугүй гэдгийг ЭЕШ нийт 43 318 хүүхэд өгснөөс 150 хүүхэд л 800 оноо авч байгаагаас харж болно. Үнэхээр чанартай боловсрол олгодог бол 800 оноо авсан хүүхдийн тоо нийт шалгалт өгсөн хүмүүсийнхээ10 хувь за байг бүүр НЭГ хувьд л хүрэх ёстой.
Боловсролын чанар нь муу байгааг сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байхад сэргээх байтал улам унагаж байгаа нь өөрөө үндэсний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг юм.
Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр, хувь тавилан, хүсэл мөрөөдлийг хэдхэн хүн харандаа баллуур мэтээр сүйрүүлж байгаад боломжийг нь хулгайлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ? П.Наранбаяр сайд аа???