УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд аавыгаа амьд байхад нь “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Жигжиднямаатайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинглимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол улс руу буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амар санаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж байсан билээ.
Ж.Гарьдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Эрүүгийн хуулийн 22.1.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6.1 Мөнгө угаах
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заасан байдаг.
Анхан шатны буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр Дугаар 2026/ШЦТ/58 шийтгэх тогтоол гарч, Ж.Гарьдыг гэм буруутай гэж үзсэн. Улмаар гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, улсад учруулсан 1 578 924 000 төгрөг /1.5 тэрбум төгрөг/ гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн юм.
Үүнийг эсэргүүцэн Ж.Гарьдын өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг 2026 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хэлэлцээд 2026/ДШМ/327 тоот магадлал гаргаж ялыг хэвээр нь үлдээсэн. Харин гэмт хэргийн улмаас улсад хохирсон мөнгөн дүн 1.5 тэрбум бус 2.086.080.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн.
Өөрөөр хэлбэл аавтайгаа нийлж улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан Ж.Гарьд Хан-Уул дүүргээс гарахгүй, улсад хоёр тэрбум төгрөг төлөхөөр болсон байна.
А.Баярмаа

