Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Энэ асуудалд ахмад шүүгчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Ахмад хуульч Д.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.
-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн явдлыг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа асуудлыг ултай судалж байж, түдгэлзүүлсэн байх гэж бодож байна. Нарийн зүйлийг нь мэдэхгүй учраас зөв гэж хэлэхэд хэцүү. Яах аргагүй 17 шүүгч авлигын хэрэгт холбогдсон авсан нь нотлох баримтаар нотлогдсон зүйл байгаа бол шалгах нь зөв.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн шүүгчдийг огцруулахыг шаардаж жагсаал хүртэл зохион байгуулагдлаа. Байж болох зүйл үү?
-Сүүлийн үед эрүүдэн шүүсэн гээд л яриад байна. Энэ шүүгчтэй ямар холбоотой юм бэ, цэрэг цагдаа гүйцэтгэх байгууллагын хийж байгаа ажил шүү дээ. Шүүх шийдвэрээ л гаргадаг. Шүүн таслах ажиллагаа гэдэг чинь нэг талын эрх ашгийг хамгаалж байгаа ч нөгөө тал нь заавал гомддог. Гомдолтой тал байнга эсэргүүцэж байдаг. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Шүүгчийн үйл ажиллагааны процессын асуудал нь өөрөө тийм юм. Шүүхийн шийдвэр ханатай гарах асуудал их чухал. Ханатай гараагүй учраас иргэд гомдоод асуудал тавиад байгаа юм. Тийм учраас шүүгч хүн асар өндөр мэдлэг чадвартай байх явдал юм. Тэр хүн хэдий буруутай ч шүүх хуралдааны танхимаас ойлгоод гарах ёстой. Яах аргагүй миний буруу юм байна, тийм учраас шийдвэр нөгөө талд гарчихлаа гэсэн гэж шүүхийн шийдвэр тэр хэмжээнд хүрсэн өргөн агуулгатай хуулийг маш зөв тайлбарлаж, шийдвэрээ зөв ойлгуулж тайлбарлаж чадсан, шийдвэрлэсэн хэрэгт маргаан гардаггүй. Маш чадварлаг сайн шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны дараа үнэхээр миний буруу юм байна гэж хэлээд гарч байсан олон иргэдийг харж байсан л даа. Ийм хэмжээнд шийдвэрээ бичих, тайлбарлах хэрэгтэй.
Тийм учраас чадалтай шүүгч нар байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаар өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг шүүгчээр сонгож байгаа нь буруу гэж үздэг хүн байгаа юм. Яагаад гэхээр ямар ч шүүн таслах үйл ажиллагаа мэдэхгүй, шүүхийн процессын үйл ажиллагаанд оролцдог атлаа шүүхийн дотоод үйл ажиллагааг огт мэддэггүй, шүүх хуралдаан даргалахаас эхлээд л маш их гологддог. Арай ч дээ ингэж хурал хийх ч гэж дээ гэж бодогдож байсан үе зөндөө байдаг. Шүүгчийн үндсэн суурь боловсон хүчин бол шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар юм. Энэ хүмүүс бол бэлтгэгдэж байгаа хүмүүс гэж бодож явдаг. Шүүхэд орж ирж байгаа хүндэтгэлээс эхлээд огт өөр байдаг. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж байгаад шүүгч болсон хүн, өмгөөлөгч хийж байгаад шүүгч болсон хүн хоёр хурал удирдах, шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа байдал маш өөр шүү.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах чиглэлээр оруулсан заалтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар 22 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв. Хамгийн гол нь өнөөдрийн ард түмний хүсэн хүлээсэн хэмжээгээр өөрчлөлт орж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудал дээр 2013 оноос багц хууль хэрэгжээд явж байна. Шүүхийн шинэчлэл улсын хэмжээнд маш эрчимтэй сайн хийгдсэн гэж үздэг. Шүүхийн хараат бус байдал бэхжүүлэхтэй холбоотой хууль гарч ирсэн. Цалин, нийгмийн хамгаалал талаас нь олон өөрчлөлтийг авчирсан.Энэ өөрчлөлт маань явц дундаа Үндсэн хуулийн шинэчлэлт өөрчлөлтэй холбоотойгоор үгүй хийгдчих вий гэж эмзэглэж байна.
-Шүүгчийн насны босго, хугацаатай томилно гэсэн заалтыг та хир зөв гэж бодож байна вэ?
-Энэ заалтыг зөв гэж бодож байна. Шүүгч хүн гэдэг бол мэргэжлээрээ олонд танигдах хэмжээнд ажилласан, туршлагатай хүн байх ёстой учраас зөв. Харин хугацаатай томилдог асуудал бол буруу юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр шүүгчийн ажиллах баталгаа юм. Насаараа томилогдсон шүүгч ажилдаа ямар хандах вэ, хэдэн жил ажиллаад чөлөөлөгдөнө гэж бодож байгаа шүүгч ямар байдалтай байх вэ, энэ хоёрын дунд асар их ялгаатай шал өөр хандлага бий болно. Тиймээс энэ буруу гэж үзэж байна. Ер нь шүүхийн үйл ажиллагаа хөдөө орон нутагт хэвийн хэмжээтэй явагдаж байгаа, шүүх рүү дайрч давшилсан, шүүхийн шийдвэр чинь буруу байна, нэг талд үйлчилсэн, авлига хээл хахууль авсан гэх асуудал яригддаггүй.
Г.Хандсүрэн: Шүүх эрх мэдлийг намын харьяанд аваачиж болохгүй
/Ахмад шүүгч/
-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ. Хуульчид үүнийг янз бүрээр тайлбарлаж байна?
-Шүүхийн ачаалал ямар байгаа билээ. Шүүн таслах ажиллагаа хэвийн үргэлжилж байх ёстой. Үүнд саад учрах вий гэж болгоомжилж байна. Эрхийг нь түдгэлзүүлсэн үндэслэлийг мэдэхгүй учраас тайлбар хийх, үзэл бодлоо илэрхийлэх боломж алга. Шүүх эрх мэдэл өөрөө маш эмзэг. Тиймээс ч шүүгч хүн бусдад буруу харагдахгүйн тулд үргэлж хичээдэг.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Олон жил шүүгчээр ажилласан, хуульч хүний хувьд шүүх эрх мэдэлд орох өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй болгож, тавыг нь УИХ-аас санал болгох гэж байгааг улс төрийн зорилго гэж харж байгаа. Хуульчдаас шүүгчийг шилж олдог, сонгон шалгаруулдаг байгууллагын 50 хувийг парламент мэдэлдээ авах нь шүүх засаглал олонх болсон улс төрийн намын харьяанд орж, улс төрөөс бүрэн хараат болно гэсэн үг. Хуульчид, Хууль зүй, дотоод хэргийн яам болон шүүгчдээс санал болгож Ерөнхийлөгч томилдог одоогийн тогтолцоонд болохгүй зүйл байхгүй. Харин сүүлийн үед шүүх засаглалыг улстөржүүлж, шүүгчид рүү намчирхаж, бүлэглэж дайрдаг болсон. Энэ нь шүүх засаглалын нэр хүндийг унагаж, шударгаар ажиллаж байгаа шүүгчдийн хараат бус байдалд халдаж байгаа юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ маш сайн санал асууж байж өөрчлөх ёстой. Гэтэл ард түмнээсээ асуусан төдий нэр зүүж, УИХ-д үнэмлэхүй олонх болсон нам Үндсэн хуулиа өөрчлөх нь зохисгүй гэж үзэж байгаа.
-Улсын дээд шүүхийн шүүгчдийг хугацаатай томилохоор төсөлд тусгасанаа хариуцлагыг нь дээшлүүлнэ гэж үзэж байгаа?
-Шүүгч хүн шударга, ёс зүйтэй, амьдралын практик, мэдлэгтэй байх ёстой учраас нас зааж өгөх нь зөв. Харин шүүгчийг хугацаатай томилж болохгүй. Олон улсад ч шүүгчээ хугацаатай томилдоггүй юм билээ.
Шүүгч хугацаагүй томилогдсоноороо хариуцлага алдаад, назгайраад байгаа юм биш. Ер нь хэтэрхий их улстөржих, намчирхах нь ганц шүүх ч биш прокурор, цагдаагийн байгууллагад ч нөлөөлж байна. Улстөрч, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой хэргийг шалгаж эхлэнгүүт шүүхийн шийдвэр гараагүй байхад олон нийтийн анхааралд аваачиж, түүгээрээ хууль шүүхийн байгууллагад нөлөөлөхийг оролдож, дарамталдаг байдаг хэрээс хэтэрсэн.
-Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулахаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?
-Бас дэмжихгүй байгаа. Шүүхийн сахилгын хороо, Ёс зүйн хороо шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдлыг хэлэлцээд шийдвэрээ гаргадаг тогтолцоо бий. Заавал Үндсэн хуулийн байгууллага байгуулах шаардлагагүй.
Л.Баяраа: Хонгилоор орчихлоо гэж ярьдаг боллоо
/Ахмад шүүгч/
-ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу, ШЕЗ-ийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монголын түүхэнд анхны тохиолдол боллоо. Хууль бус үйлдэл хийсэн, авлига авсан бол шалгалгүй яах вэ. Түүнийг хэн ч буруутгахгүй. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд хуулийн байгууллага шалгаж байх шиг байна. Шалгаж тогтоогоод гэм буруугүй нь нотлогдвол Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн эрхийг нь сэргээх байх. Бас гэм буруутай хүн байвал хуулийн дагуу хариуцлага тооцвол шүүх эрх мэдлийн нэр цэвэршинэ. Түүнээс Хариуцлагын зөвлөл гээд хууль хяналтын байгууллагаас шал өөр байгууллага байгуулчихаад шүүгчдийг огцруулна гэж дарамтлаад байж болохгүй. ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаад л шүүгчдийг огцруулж, түдгэлзүүлж болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ҮАБЗ шийдвэрээ тулгачихдаг. “Бид огцруулах шийдвэр гаргасан. Та нар хүлээж ав” гэдэг байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд тулгадаг, дараа нь “Танай Шүүхийн ерөнхий зөвлөл чинь огцруул гэж санал болгосон шүү дээ” гээд сууж байх нь.
Энэ хандлага нь Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэгчээр бүрэн биеллээ олох гэж байна. Ийм байдалд хүрэхэд улстөрчид гол нөлөө үзүүлсэн. Шүүгч шийдвэрээ тайлбарлаж болдоггүй учраас хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүж, шүүгчийг элдэвлэж байна. Ийм хандлага нь шүүх эрх мэдэлд маш их хортой. Энэ хэвээр үргэлжлээд байвал шүүгч хэрэг маргаан шийдэхээс айдаг болно. Бүр тэр Ерөнхийлөгчийн хүн, энэ улстөрчийн хүн гээд шүүгчдийг өмчилчихсөн. Хэрэг маргааныг яаж ч шийдсэн тэрний хүн учраас тэгж шийдлээ гэж цуурдаг болсон.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шүүх засаглалаас ангид байлгахын тулд ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос санал болгохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна?
-Бүх ард түмний төлөөлөл Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Зарлиг гаргаж томиллоо гээд Ерөнхийлөгч шүүгчийн ажилд оролцоод, заагаад явдаггүй байх. Би шүүгчээр 36 жил ажилласан. Тийм зүйл сонсоогүй. Би бүх ард түмний элч Ерөнхийлөгчөөс зарлигаа авсандаа баярладаг. Тангараг өргөсөн шүүгч өөрийг нь томилсон Ерөнхийлөгчид үйлчилнэ гэж байхгүй дээ. Тийм хүн байлаа гэхэд хууль бус үйлдлийг нь шалгаад хариуцлага тооцож болно. Бүх шүүгч Ерөнхийлөгчид үйлчилдэг гэж харлуулж болохгүй. “Эд нар Ерөнхийлөгчид үйлчлээд байна” гээд парламентын мэдэлд шүүх засаглалыг оруулчихаж болохгүй. Шүүгчийг шилж, сонгох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь УИХ-аас томилогдох нь шүүх засаглал намын мэдэлд очно гэсэн үг. Ялсан намын бодлогыг шүүх хэрэгжүүлж, шүүх засаглал утгаа алдана.
-Үндсэн хуулийн төсөлд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг та эсэргүүцэж байгаа юм байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хэрхэн сэргээх вэ?
– Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангадаг тогтолцоог халсан нь алдаа болсон. Залуу шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангахаа больсноос хойш хуудуутай шийдвэр гаргах магадлал өссөн. Шүүгч дараагийн шатны шийдвэр яаж гарах бол, миний гаргасан шийдвэр зөв байв уу гэж болгоомжилдог, эмзэглэдэг байсан бол одоо тоохоо больсон. Мэргэжлийн удирдлагаар хангах нь шүүгчид нөлөөлж байгаа явдал биш. Мэргэжил, арга зүйн удирдлага байхаа больсноос болж цөөн тооны шүүгч хуудуутай шийдвэр гаргахад л шүүх засаглал тэр чигээрээ ганхаж байна. Энэ бүхэн шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмыг алдагдуулж байгаад харамсаж байна. Шүүх засаглал ийм эмзэг. Одоо бүр хэргээ шийдүүлсэн нөлөө бүхий хүмүүс ялагдахаараа “Хонгилоор орчихлоо” гэж ярьдаг болж. Эрх мэдэлтэй, ашиг сонирхолтой, улс төрийн зорилготой цөөн хүмүүс янз бүрийн нэр томьёо гаргаж ирээд шүүхийг харлуулдаг. Түүнээс шүүгчийн гаргасан шийдвэр бүрийг хуудуутай гэж дүгнэдэг хүн цөөн. Шүүхээр үйлчлүүлсэн олонх иргэн “За голоор нь л шийдлээ шүү” гэдэг. Шүүгч хавтаст хэрэгт цугласан баримтын хүрээнд л хэргийг шийддэг.
Ш.Төгсгэрэл: 17 шүүгчийг түдгэлзүүлсэн нь шүүхэд асуудал байгааг харуулж байна
/Ахмад шүүгч/
-Та ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах болсныг шүүмжилж байгаа юм байна. Саяхан хуулийн тэр заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ.
-Дахиад ч найман шүүгчийн асуудал яригдаж байна. Ингэж болохгүй шүү дээ, нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь шүүх байгууллага юм. Ингэж шүүх эрх мэдэлд хэтэрхий халдаж болохгүй. Энэ олон шүүгч нар дотор асуудалтай хүн ч байгаа, хэлмэгдсэн хүн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ 17 шүүгчийн эрхийг зэрэг түдгэлзүүлсэн нь шүүхэд асуудал байгааг харуулж байна. Тийм учраас энэ байдалд дүгнэлт хийж дахиж ийм зүйл гарахгүйн төлөө мэрийж ажиллах ёстой. Шүүх дотроо ажиллаж байхад сөрөг зүйл олж хардаггүй юм байна. Гэвч миний хувьд ажиллаж байгаа тогоогоо муулах дургүй, тийм зарчим ч надад байхгүй, гарсан хойноо ч шүүхийг муулахад нь өмөөрч юм ярьдаг. Энэ байдлыг засахын тулд шүүхийн үүдэнд сууж байгаа жижүүрээс эхлээд нарийн бичгийн дарга хүн бүр дор бүрнээ анхаарах хэрэгтэй.
Мөн шүүгч нар аливаа асуудлыг шийдвэрлэчихээд гаргасан шийдвэрээ хүнд ойлгуулж тайлбарлах тал дээр дутмаг харагдаад байгаа. Уг хэргийг шийдвэрлэхэд энэ нь тийм байсан, хуульд ингэж заасан байна, тэр нь таны зөв байлаа, тийм учраас шүүх ингэж шийдвэрлэлээ гээд маш сайн тайлбарлах хэрэгтэй. Яагаад гаргасан шийдвэрээ тайлбарлаж болохгүй гэж? Юу нь нууц байгаа юм. Шийдвэрээ хүнд ойлгуулж, тайлбарладаггүй, шийдвэрээ бичгээр гаргаад өгнөө гээд гарчихдаг, тэгэхээр хүнд янз бүрийн хардлага төрдөг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Шүүх хурал дээр өөр юм ярьж хэлчихээд шийдвэр бичгээр авсан чинь шал өөр зүйл гаргачихлаа гэж. Тиймээс шийдвэрээ ойлгуулах тал дээр шүүгч нар их анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.
Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнууд нэгдүгээрт, байгууллагын нэр хүнд, хоёрдугаарт, хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ болон өөрийн нэр төрийг өндөрт өргөж, хамгаалж, аливаа сөрөг зүйлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Бидний үед тэгж л ажиллаж байлаа. Цаашид ч томилогдож байгаа залуу шүүгч нар болон хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Шүүхийн байгууллагын хамгийн оргил нь шүүгч байдаг. Шүүгч хүнийг нум сумтай зүйрлүүлбэл байндаа онож байх ёстой. Тийм учраас шалгуур нь өндөр, шударга зөв хүнээ олох, нүдээ олсон байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүний гаргаж байгаа шийдвэр мэргэн хууль зөв хэрэглэж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг шийдвэрлэвэл хүмүүс гомддоггүй юм. Тэр тал дээр анхаарах хэрэгтэй.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ шүүх засаглалд хэтэрхий халдсан заалтууд байгааг хууль тогтоогчид анхаарна биз ээ. Ер нь сүүлийн үед шүүх засаглал руу хэтэрхий халдах боллоо. Аливаа асуудлыг зөв өнцгөөс нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Хуульч хүн бол хуулийн дагуу ажилладаг. Шүүхээс гарч байгаа шийдвэр бол 2 талтай нэг тал нь гомддог нөгөө тал нь баярладаг. Тиймээс хэт нэг талыг барьсан байдлаар хандаж байгаад ахмад хуульчийн хувьд буруу гэж үзэж байна. Нийгмийн давлагаа, улс төрчдийн үзэл бодлоор ингэж шийдэж байгаа нь буруу. Энэ хандлага Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага байгуулж, шүүгчийг огцруулж байхаар зохицуулах гэж байгаа нь харамсалтай.
Харин шүүгчийг томилох насны хувьд зөв гэж харж байна. Яагаад гэхээр хүнд үзэж туулсан зүйл, туршлага хэрэгтэй. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан хүмүүс шүүгчээр томилогдвол илүү ач холбогдолтой гэж боддог. Өөр бусад газар ажиллаж байсан хүмүүс томилогдохоор хууль хэрэглэхдээ буруу зөв тайлбарлах, асуудлыг шийдвэрлэхдээ хөнгөн хуумгай ханддаг асуудал ажиглагддаг.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүгчийн томилгоонд хугацаа заасныг юу гэж үзэж байна вэ?
-Хугацаа заах нь буруу. Хугацаа зааж байгаа нь ажилд ямар нэг өөрчлөлт ахиц гарахгүй харин сөрөг муу талтай. Тухайн хүний ухамсарт би бүх насаараа сонгогдсон энэ өндөр хариуцлагатай ажлаа нэр төртэй сайн хийх ёстой гэсэн бодол суусан байдаг. Хуучин бол шүүгч нарыг ард түмнээс сонгодог байсан шиг сонгуулийн зарчмаар сонговол бүрэн эрх нь хугацаандаа байж болно.
– Шүүгчдийн цалинг нэмсэн байтал хариуцлага сайжирсангүй гэсэн шүүмжлэл байна?
-Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг асуудлаар бусад асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Цалин хангамж, хараат бус байдлыг хангасан ч хариуцлагын асуудал энд хөндөгдөж эхэлж байна.
-Таны хэлснээр цалинг нь нэмсэн ч шүүгчийн хариуцлагын асуудал орхигдсоноос болж шүүхэд итгэх иргэдийн итгэл буурав уу?
-Иргэдийн итгэл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Шүүхээр орж үзээгүй, нэг удаа шүүх хуралд суугаагүй атлаа давлагаалж, хөөрөгдөж аливаа асуудлыг харлуулах гэсэн оролдлого гаргаад байна уу, магадгүй өндөр цалинтай албан тушаалд дараагийн ээлж хоолондоо орно гэдэг шиг юм болох гээд байна уу гэсэн хардлага төрөөд байгаа. Яагаад гэвэл би хуулийн байгууллагад 36 жил, шүүгчээр 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Энэ олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол 2 талтай. Хүн бүр шүүхээр ороогүй, 3 сая иргэний хэд нь шүүхээр үйлчлүүлсэн билээ.