Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээсэнд дараах үр дүн гарчээ.
Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.
Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж.
Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.
Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажээ.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!
80 наснаас хойших хүний эрүүл мэнд ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.
Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж.
1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг.
Эдгээр нь бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs); гоозүйн хэрэгцээ (aesthetic needs); бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs). Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.
Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.
Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:
Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал
Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх
Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог
Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй.
Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал.
Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.
Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаарай
Тарвага агнасан төрийн албан хаагчид хэрэг нээн шалгаж байна
Австрали тивээр аялахгүй байх шалтгаанууд
Зөвхөн хайртай залуудаа зориулж хийдэг бүсгүйчүүдийн үйлдэл
Алдартай компаниудын төв байр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Альберт Эйнштейн
Бие дааж 4 гадаад хэл сурсан миний нууц…
Намайг Кристина гэдэг. Би бие дааж беларусь, польш, англи, герман хэлийг амжилттай сурсан. Харин би эдгээр гадаад хэлүүдийг сурсныхаа ачаар найман жил сэтгүүлчээр ажиллаж, бизнесийн шинжээчийн магистрын зэргийг бие дааж хамгаалсан.
Мөн би герман хэл сурч эхэлснээсээ ердөө 17 хоногийн дараа гэхэд Германы Мюнхен хотод ажилд орж байлаа. Одоо би Германы Регенсбургт амжилттай ажиллаж, амьдарч хүүгээ өсгөж сууна. Харин би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө олон гадаад хэл амжилттай сурч чадсан нууцаа хуваалцахаар шийдлээ. Миний гол нууц бол…..
Юунаас эхлэх вэ?
Шинэ гадаад хэл сурахын тулд та эхлээд ямар аргаар сурвал илүү хурдан бас уйдахгүйгээр сурч чадах вэ гэдгээ олох хэрэгтэй. Та ном унших дуртай, кино цуврал үзэх дуртай аль эсвэл бүр комик ном унших дуртай байж ч болно. Хамгийн гол нь дуртай зүйлээрээ дамжуулж хэл сурч болдог гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Мөн та хэд хэдэн өөр аргыг хослуулсан ч болно. Өдөрт дор хаяж хоёр арга хослуулбал бүр ч илүү үр дүнтэй. Жишээлбэл: Хөгжим сонсохынхоо хажуугаар дууных нь үгийг сурч буй хэл дээрээ харах, оройд нь кино үзэх гэх мэт.
Бас нэг чухал зүйл бол хэл сурах явцад танд амралтын өдөр гэж байх ёсгүй. Юун түрүүнд хэлний мэдлэгийнхээ түвшинг тодорхойлоод түвшнээ ахиулахын тулд ямар хичээл үзэх, ямар арга ашиглах зэргээ ажилдаа садаа болохооргүйгээр төлөвлөөрэй.
Ингээд бид танд хэл сурч болох сонирхолтой 6 аргыг танилцуулж байна.
1. “Үзэх”
Энэ аргын тухайд танд “YouTube”, онлайн телевиз, гадаад хэл дээрх кино гээд олон хэрэгсэл тус болно.
Санал болгох “Youtube” сувгууд: “English with Lucy”, “engVid”, “ETJ English”, “EnglishLessons4U”
Эдгээр сувгуудыг үзэхийн хажуугаар танд сонирхолтой байж болох ток шоу, влог, танин мэдэхүйн богино бичлэгүүд үзсэн ч болно. Хамгийн гол нь эдгээр бичлэгүүд таны сурч буй хэл дээр байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Кино, цуврал үзэж хэл сурах миний арга бол эхлээд хадмал орчуулгатай кино үзэх. Ийм хадмал орчуулгатай киног та хаанаас бол хаанаас ч олж чадна. Эхлээд монгол хадмалтай үзэж эхэлж болно. Дараагаар нь тухайн хэлээр нь хадмал орчуулгыг нь хийсэн кино үзэх хэрэгтэй. Ингээд дараа нь тодорхой хэмжээнд ойлгодог болоод ирэхээрээ ямар ч орчуулгагүй кино үзээд үз. Гэхдээ өмнө нь хадмал орчуулгатай үзсэн киногоо хадмал орчуулгагүйгээр давтаж үзэх хэрэгтэй. Ингэж үзээд та үр дүнг нь шууд мэдрэх болно.
2. “Унших”
Би бол цахим номын сан буюу “Kindle”-ийн тусламжтайгаар уншдаг. Харин цаасан хэвлэлд дуртай хүмүүс бол хоолны тухай сэтгүүл юм уу, өсвөр үеийнхэнд зориулсан зохиол уншиж болно. Харин саяхан би бас нэгэн шинэ зүйл олж мэдсэн нь унших, сонсохыг хослуулж болдог “Blinkist” сервисийг юм. Эндээс та англи хэл дээр нийтлэгдсэн номуудыг аудио хэлбэрээр сонсож болно. Ингэснээр уншиж буй зүйлийнхээ яаж дууддаг дуудлагыг нь давхар сурч болдгоороо давуу талтай санагдсан.
3. “Сонсох”
Энэ тохиолдолд та уйтгартай хичээлүүд сонсох ямар ч хэрэг байхгүй. Нэг л зүйлийг ахин дахин давтаад байх нь хэнд сонирхолтой байх билээ дээ. Харин оронд нь сонирхолтой сэдвээр ярилцдаг суваг олж нээ. Энэ аргыг хэрэгжүүлж болох хамгийн тохиромжтой хэрэгсэл бол “Podcast” юм. Эндээс та сонирхдог чиглэлийнхээ дагуух хэд сонсоод ч уйдахааргүй харилцан яриа, хичээл эсвэл зүгээр л нэг буу халалт гээд хүссэн бүхнээ олж болно. Үнэхээр сонирхолтой зүйлээ олоод авсан бол хэзээ ч хаана ч сонсож болох давуу талыг нь ашиглаж автобус унаанд, гүйж явахдаа, хоол цай бэлтгэж байхдаа ч сонсоод байж болно.
Бас нэг арга бол сурч буй хэл дээрээ дуу сонсох. Үгийг нь цээжилж амжаагүй л бол нэг дууг 20 удаа ч сонссон болно. Би бол утсаараа байнга сонсдог. Дууны үгийг нээгээд ойлгохгүй байгаа үгээ нэг бүрчлэн орчуулж харж бай. Ингэж орчуулчхаад эргээд сонсоход та арай өөр мэдрэмж авах болно.
4. “Тоглох”
Хэрвээ та тоглоом тоглох сонирхолтой бол тоглоомоор ч мөн хэл сурч болно гэдгийг сонсоод баярлах нь гарцаагүй. Ямартай ч үг цээжлэх, үг таах гээд маш олон тоглоомууд таны үгийн санг баяжуулсаар байх болно. Түүнчлэн детектив төрлийн тоглоомуудаас та маш олон үг сурах боломжтой байдаг. Миний санал болгох тоглоом бол “Mystery Case Files: Return to Ravenhearst”. Энэ тоглоом зүгээр л супер. Та энэ тоглоомын мөрдөгч болох бөгөөд үл мэдэгдэх хэргийг мөрдөх болно. Харин энэ тоглоомыг тоглоод дуусахад та маш олон шинэ үг сурсан байх болно гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.
5. “Бичих”
Аль ч хэлээр бичиж сурна гэдэг нь танаас ахисан түвшний мэдлэг шаардана гэсэн үг. Тухайн хэлээр маш сайн ярьдаг атлаа хоёр үг ч холбож бичиж чадахгүй хүмүүс олон байдаг. Гэхдээ л бичнэ гэдэг хэлний мэдлэгээ дээшлүүлэх чухал алхам юм.
Ямартай ч та Фейсбүүк, Инстаграм зэрэг олон нийтийн сайтуудад тухайн хэлээр ярьдаг, тухайн улсын иргэнтэй найзууд болоод сонирхолтой, олон сэдвээр харилцан бичиж, бичсэн пост зэрэгт нь сэтгэгдэл үлдээх зэргээр бичгийн чадвараа сайжруулж болно. Энэ нь таныг тухайн хэлээр бичиж сурахад маш чухал сургууль болно.
6. “Ярь, байнга ярь”
Миний хамгийн сайн багш нар бол Германаас ирсэн найзууд минь байсан. Та дүрэм сайн мэддэг, яриа сайн ойлгодог байлаа ч амьд харилцаа юу юунаас чухал. Тухайн хэлээр ярьж сурах хамгийн үр дүнтэй супер арга бол зүгээр л тухайн хэлээ өөрийн хэрэглээгээ болгох. Тэр хэлээр ярьдаг хүмүүсийг олж сонирхолтой сэдвээр ярилцах. Харин би бол найзуудтайгаа ярилцахаас гадна заавал зав гаргаж ярианы клубт явдаг байсан.
Танд онцгойлон зөвлөхөд монголд ийм ярианы клубууд маш олон байдаг шүү. Ийм клубуудыг олохын тулд та ердөө Фэйсбүүкийнхээ хайх хэсэгт “Speaking club” гэж хайхад л хангалттай. Энэ үед Фэйсбүүкийн алгоритм ажиллаж танай улсад байгаа бүхий л ярианы клубуудыг танд санал болгох болно.
Би хэл сурах өөрийн арга замаа сонгосон. Харин та нарт яг энэ л танд тохирно гэж тулгах гэсэнгүй. Тиймээс ямартай ч та дуртай хэлбэрээ олох хүртлээ бүгдийг нь туршиж үзсэн ч болно. Хэрэв та зөв аргаа олчихвол хэл сурах тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох болно. Амжилт хүсье.