Aюулгүй байдал судлалын хүрээлэнтэй харилцаа бүхий Европын Холбооны Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс манайд ирүүлсэн Алис Экман нарын бичсэн Орос-Хятадын харилцааны тухай судалгааны өгүүллийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
2014 онд ОХУ Крымыг өөртөө нэгтгэснээс хойш Хятад-Оросын харилцаа ихэд ойртсон гэж харагддаг ч үнэндээ ирээдүйн харилцааг нь тодорхойлох тэс өөр шалтгааны улмаас энэ хоёр улс хялбархан “гэрлэсэн” гэж үзэж болно. Тэдний энэхүү харилцаа алсдаа тогтвортой амжилттай үргэлжилж ч мэднэ эсвэл тодорхой шийдэлд хүртлээ үргэлжлэх түр зуурын харилцаа ч байж болох юм. Гэхдээ одоогийн энэ хоёр улсын баримталж буй хэм хэмжээ, олон улсад хандах хандлагаас үзэхэд найрсаг харилцаа нь нилээд хугацаанд үргэлжилэх төлөвтэй байна.
Улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын талаарх олон улсын хэм хэмжээ, глобал тогтолцоонд үзүүлж буй үйлдлээс нь Хятад-Оросын түншлэл нягт, олон талт болох нь харагдана. Хятад-Оросын хамтын ажиллагааны зорилго нь ижил үзэл бодол, зарчим, аюулгүй байдлын талаарх ойлголтдоо тулгуурлан тэд одоо байгаа олон улсын хэм хэмжээг дахин тодорхойлох тайлбарлахад чиглэгддэг.
Өнөөгийн олон улсын дэг журамд Америк ба өрнөдийнхөн ноёрхож, тэдний үнэт зүйл дэлхий нийтийн үнэт зүйлийн илэрхийлэл болж байгаа нь шударга бус гэж Хятад-Оросын аль аль нь үздэг. Бээжин, Москвагийн харж буйгаар үүнийг өөрчлөх цаг нь нэгэнт болсон буюу өрнөдийн эрин үе өндөрлөж байгаа ажээ. Хоёр улсын зүгээс өрнөдийг буруутгадаг хоёр гол зүйл нь нэгдүгээрт барууны аль ч улс төрийн хүчин бусад дэглэмийг оршин тогтноход заналхийлж байдаг (нөгөө дэглэмийг нь дэмжих сонирхолтой), хоёрдугаарт өрнөдийн зүгээс Орос, Хятад хоёрын дэглэмд сорилт учраасай гэж найддаг байдал (өөрсдийнхөө зөв гэж үзсэн үйлдлийг өдөөн дэмждэг) юм. Бээжин Москва хоёрын энэхүү бодол нь тэдний харилцааг олон түвшинд хамтран ажиллахад хүргэж байна хэмээн тайлбарлаж болно. Аюул заналын тухай ойлголт болон олон улсад хандах тэдний ойролцоо хандлага нь хоорондын ялгааг нь улам бүр багасгадаг. Түүнчлэн зарим санал зөрөх тодорхой асуудал дээр тэд бие биенийхээ эсрэг зогсохоос илүүтэй өөрсдийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалж, бие даасан байдлаа харуулдаг юм. Хоёр улс тусгаар тогтнолоо хамгаалж илүү хүчирхэг болохын тулд хүний эрх, аюулгүй байдал, кибер засаглал гэсэн гурван чиглэлд хамтын ажиллагаагаа маш идэвхтэй хөгжүүлж байна.
Хэм хэмжээг дагагчаас тогтоогч руу
1990-ээд оны дунд үеэс аажмаар өөрчлөгдөж байсан Хятад-Оросын харилцаа 2012 онд Владимир Путин дахин ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, Ши Жиньпин Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш илүү динамик, стратегийн хэлбэртэй болсон. 2012 онд Орос орчмын геополитикийн байршил өөрчлөгдөж, Хятадад шинэ удирдагч гарч ирсэнээр Хятад Орос улсууд цаашдын харилцаагаа чиглүүлэх стратегийн түншлэлийн талаар тохиролцсон ба 2014 онд В.Путин, Ши Жиньпин нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн баримт бичигт гарын үсэг зурж, харилцааныхаа түвшинг ахиулжээ. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын хувийн харилцаа ч чухал хүчин зүйл болдог бөгөөд тэдний хяналтанд улс орных нь төрийн аппаратууд болон элит давхрага байдаг.
2016 оны 6 сараас эхлэн гаргасан хамтарсан тунхаглалд талууд “олон улсын эрхзүйг сахин хамгаалах, сурталчилах, олон улсын эрхзүйд суурилсан шударга, эрх тэгш олон улсын дэг журмыг байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэж онцолсон ба өөрөөр хэлбэл “Олон улсын эрхзүйг боловсруулах, тайлбарлах, хэрэгжүүлэхэд бүх улс орны оролцоо ижил тэгш хангагдах ёстой” гэсэн санаа юм. Үүнээс харахад энэхүү шинэ чиг хандлагаас Хятад-Оросын бодлогын уялдаа холбоо болон тэдний олон улсын эрх зүйн салбартай хэрхэн холбогдож байгаа нь тодорхой харагдаж байна. Хятад, Орос хоёр улс олон улсын хэм хэмжээг даган баримтлагч биш түүнийг тогтоогч болохыг хүсч байгаа ба өөрөөр хэлбэл хоёр улс одоо байгаа олон улсын тогтолцоонд илүү их эрх мэдэл, манлайлал олж авахыг хүсч байна. Хэдийгээр тэдний зорилго ижил ч түүнээ олон улсын хууль дүрмийн үүднээс өөр өөрөөр тайлбарладаг. Зорилгодоо хүрэх хэв маяг нь ч заримдаа ялгаатай байдаг. Хоёр орны хамтарсан тунхаглалын талаар ч ялгаатай байр суурьтай байдаг нь Хятадын талаас “хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийг цогцлоох буюу “хамтран ажиллаж хамтдаа хөгжих” санааг илэрхийлдэг нь Оросын санаатай нийцдэггүй ба уламжлал ёсоор бол Орос улс өрнөдийн эсрэг хүчтэй бөгөөд ойлгомжтой байр суурьтай, харин Хятад улс эргэлзэнгүй, хоёрдмол байр суурьнаас ханддаг. Гэхдээ сүүлийн үед ижил төстэй үйлдлүүд ажиглагдаж байна. Тухайлбал Ковид-19 цар тахлын хямрал эхэлснээс хойш Хятад улс дижитал харилцааны салбарт маш хүчтэй эсэргүүцлийг үзүүлж буй.
Хүний эрхээс илүү улсын эрх ашиг
Хүний эрхийн талаар хоёр улс хоёулаа төр төвтэй ба релятивист улс (туйлын зөв юмуу буруу гэх ойлголт байхгүй, нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байр суурь үзэл бодол бий болдог гэсэн үзэл баримтлал) юм. Тусгаар тогтносон улс орон бүхэн олон улсын хууль дүрмийг өөрийн орны түүх, соёл, эдийн засгийн байдлаа харгалзан тайлбарлах эрхтэй гэж шаарддаг. Тухайн улсад хүний эрхийн зөрчил байсан ч олон улсын хамтын нийгэмлэгээс албан ёсоор тусламж хүсээгүй бол олон улсын арга хэмжээ авахыг уриалж болохгүй гэж үздэг. Тэдний хувьд хүний эрхийн тухай ойлголт нь Зөвлөлтийн болон Маогийн үеэс уламжилж ирсэн хувь хүний эрхээс улс нийтийн эрх, эдийн засаг, нийгмийн эрх илүү дээгүүрт байх ёстой гэдэг ойлголтоор тайлбарлагддаг. Хятад, Орос хоёр хүний эрхийн талаар үргэлж сөрөг хандлагатай байдаг ба дэлхийн хэмжээнд хүний эрхийн талаарх ойлголтыг өөрчлөх арга замыг эрэлхийлдэг. Тухайлбал өрнөдийн практикийн дагуу дээрх сэдвээр олон улсын форум зохион байгуулах, гадаадад судалгаа шинжилгээ хийх, бусад улс орны сонгуулийн ажиглалтын болон хүний эрхийн талаарх тайланг нийтлэх гэх мэт. Хятад улсад гарсан хүний эрхийн зөрчлийн талаарх АНУ-ын тайлангийн хариуд Хятад улс 1998 оноос хойш АНУ дахь хүний эрхийн зөрчлийн талаар хийсэн тайланг нийтэлж байна. Мөн Оросын Гадаад хэргийн яам жил бүр бусад улс орны хүний эрхийн сэдэвчилсэн суурь тайланг гаргадаг (Жишээ нь өрнөдийн орнуудад нео-нацизм нэмэгдэж байгаа тухай гэх мэт). Эдгээр тайланг дараа нь дотоод суртал ухуулга, дэлхий даяарх стратегийн харилцаанд ашигладаг.
Судалгаанаас харахад 2000-2005 оны үед хоёр улсын хүний эрхийн талаарх ойлголт, байр суурь нь нэг талыг барьсан байдлаараа ижил төстэй байсан бол сүүлийн жилүүдэд тэдний энэ ойлголт нь илүү уялдаа холбоотой болж, төстэй үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь ажиглагдаж байна.
Хятад-Орос хоёр улс нэгдэн НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох нь их болж байна. Үнэндээ Хятад бол НҮБ-ын төсөвт АНУ-ын дараа орох хоёр дахь том хөрөнгө оруулагч юм. Цаашлаад Хятад улс хүчирхэг эдийн засагтаа тулгуурлан хөгжиж буй улс орнуудад шууд болон шууд бусаар хөрөнгө оруулдгаараа тэргүүлдэг бөгөөд мөн зарим тохиолдолд тэдгээр улсуудад НҮБ дахь байр сууриа бэхжүүлэхэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэх тохиолдол ч байдаг. Харин Орос улсын хувьд тийм ч чухал үүрэггүй ч нэр хүнд өндөр. Тэд хамгийн чадварлаг дипломатуудаа НҮБ-д илгээж, дипломатууд нь НҮБ-ын асуудлаар өндөр түвшиний мэдлэг, туршлага хуримтлуулж, техникийн нарийн ширийн зүйлсийг ч маш сайн эзэмшдэгээрээ алдартай. Ийнхүү туршлага, ур чадвар бүхий хоёр улсын баг НҮБ-д “мөрөөдлийн баг”-ийг бүрдүүлж байгаа нь НҮБ-ын хүний эрхийн асуудлаар релятивист хандлагыг идэвхжүүлэх боломжийг бий болгож, дипломат тэнцвэрийг алдагдуулж байна.
Ялангуяа 2010 оноос хойш Хятад-Орос улс хамтран НҮБ-ын хүний эрхийн стратегид хоёр чиглэлийг баримтлаж байна. Нэгдүгээрт хоёр улс олон улсын хүний эрхийн тогтолцоо, хүний эрхийн өмгөөлөгчдийн чадавх, нөлөөллийг сааруулахыг хичээсэн. Тэд НҮБ-ын гадаад дахь төлөөлөгчийн газруудын хүний эрхийн холбогдолтой үйл ажиллагааг цуцлах, төсвийг нь хасах кампанит ажлыг өрнүүлсэн. Энэ бол НҮБ-ын төсвийн тавдугаар хороон дээр болдог ажил. Цаашлаад НҮБ-ын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг зогсоож, хүний эрхийг хамгаалагчдад дарамт үзүүлж байгаа.
Хоёрдугаарт буюу нилээд шүүмжлэхэд, тэд хүний эрхийн хэм хэмжээнд тэр тусмаа Хүний эрхийн зөвлөлийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байна. Тус зөвлөл нь хүний эрхийн талаар тайлан гаргаж, баримт илрүүлэх болон шалгах комиссийг ажиллуулж, албадлагын бус тогтоолын төслийг боловсруулдаг. Хятад улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд байхдаа хүний эрхийн талаарх баримт бичгүүдэд релятивист буюу хувь хүний эрх чөлөө нь улс төрийн эрх чөлөөнөөс хамааралтай байх хандлагыг дэмжиж тусгуулахаар хичээж байсан ба өнөөдрийг хүртэл энэхүү шахалтаа үргэлжлүүлсээр яваандаа зорилгодоо хүрнэ гэж найдаж байна. Орос улс хөндлөнгөөс тэднийг дэмжихийн зэрэгцээ 2016 онд алдсан Хүний эрхийн зөвлөлийн суудлаа 2020 онд буцаан авах кампанит ажил өрнүүлсээр байна.
Хөндлөнгийн оролцоогүй тусгаар улс
Бээжин Москва хоёрын өөр нэг санал нэгддэг зүйл бол хөндлөнгийн оролцоогүй тусгаар улс байх зарчмыг тайлбарлах, хэрэгжүүлэх юм. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр хөндлөнгөөс оролцохгүй байх консерватив, статист (хүнд үйлдвэрүүд болон эдийн засаг улсын хяналтанд байхыг дэмжих үзэл) баримтлалыг дэмждэг. Тэдний үзэл бодол Хамгаалах Хариуцлага хэмээх консерватив арга барил дээр нэгддэг бөгөөд өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар энэ нь нэг талаас ирэх хориг арга хэмжээнээс сэргийлэх явдал юм. Олон улсын эрх зүйн талаарх 2016 онд гаргасан хамтарсан тунхаглалынхаа дагуу тэд ийнхүү ижил үзэл баримтлалтай байж, олон улсын тавцанд хамтарсан үйл ажиллагаа, санаачилгуудыг нэмэгдүүлж, илүү их хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байна. Хоёр улс аливаа асуудлаар зөрүүтэй байр суурьтай байгаа тохиолдолд “бие биенээ эсэргүүцэхгүй” гэдэг зарчмыг баримтладаг.
Тэд олон улсын хориг арга хэмжээг авахдаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүд бүгд санал нэгтэйгээр батлах ёстой ба нэг гишүүн дэмжээгүй тохиолдолд тус арга хэмжээ хууль бус байх нь зүйтэй гэж үздэг. Хэрэв ингэвэл хэзээ ч Хятадын эсвэл Оросын эсрэг хориг арга хэмжээ авч чадахгүйд хүрнэ. Тэд хоёулаа хориг арга хэмжээ авахыг хязгаарлахыг эрмэлздэг бөгөөд энэ асуудлаар ихэвчлэн хамтарч ажилладаг. Хоёр улс НҮБ-ын авсан хориг арга хэмжээнүүдийг хэт нэг талын нөлөөтэй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзах, зөрчих зэрэг үйлдлүүдийг гаргадаг. Тухайлбал Хойд Солонгосын талаар авсан хориг арга хэмжээг тэд илэрхий зөрчиж байна. Цаашлаад тэд бие биедээ эдийн засгийн шахалт үзүүлэхгүй.
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн