“Камертон”–ны дөрвөлийн хувийн амьдрал тунчиг сонирхолтой. Хоёр нь нэг айлын хүргэд болж, тэгш сайхан амьдарч яваа бол үлдсэн хоёр нь салж нийлсэн, бүтэлгүйтсэн адармаатай амьдралыг туулж яваа.
Хамтлагийн хамгийн уян зөөлөн сэтгэлтэй, алиа хошин зантай гэгддэг Ганаа анхны амьдралаа жижиг Халиунтай эхлүүлж, хөөрхөн охинтой болсон нь нэг л өдөр туурга тусгаарлаж, Халиун “Hugo Boss”-ийн менежертэй хамтран амьдрах болсон.
Харин Ганаагийн хувьд төөрсөөр төрөлдөө гэгчээр явж явж “Жигүүр гранд”-ын Д.Баттөр ноёнтны эрх танхи охидын нэг Б.Уянгатай сууж, үүрээ олоод буй.
Тэд дундаасаа өөрсдийг нь өвчсөн мэт ижилхэн эгдүүтэй 3 хүүтэй болсон. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг энэ биз ээ.
Хаанаас нь харсан бондгор, булцгар эгдүүтэйгээрээ хүртэл ижилхэн хосууд хоёр бондоохой гэх нэрийг хэсэг зүүсэн. Угаас эрх Ганаа мөн л баян айлын бандгар охинтой сууж, бандгар жийпийг баруун солгойгүй сольж унах болжээ хэмээх жиг жуг яриа ч газар авч байсан. Нээрээ л Ганаа Lexys-470, Range Rover зэрэг үнэ өртөг ихтэй машинуудтай, гэхдээ баян айлын хүргэн орсон доо биш, өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон гэсэн шүү.
Гэргий Уянгынхаа хамт “Жигүүр гранд”-ын томоохон бүтээн байгуулалтуудын нэг “Zaisan Luxury” хотхонд Grandeur нэртэй гоо сайхан, фитнес, бассейны цогцолбор төвөө хариуцан ажиллуулж, дээр нь өөрсдөө амьдарч байна. Одоогоос хэдэн жилийн өмнө “Жигүүр гранд”-ынхан хотын төв дэхь “Гранд оффис” төвийнхөө дор ийм гоо сайхан, бялдаржуулахын цогцолбор нээж, гишүүнчлэл авч, анхдагчдын шанг татаж байсан. Тэгвэл энэ удаад уг төвийн салбар нь Зайсанд үүд хаалгаа нээсэн.
Д.Баттөрийн эрхээрээ хатсан аз од нь гийсэн хүргэн хүү хэмээх алдрыг аваад буй Ганаадаа улам их аз жаргал хүсье. Ер нь ноён Д.Баттөр хаа очиж хаялга ихтэй, буянлаг бизнесмэн гэдэг нь үнэн бололтой юм. Юу гэвэл ууган охин Халиунаа нь DJ Д.Түвшин хэмээх мөн л урлагийн залуутай сууж үрийн зулай үнэрлэсэн нь саяхан. Угаас урлагт хайртай, авьяаслаг аавын охид генийн мэдрэмжээрээ гэр бүлээ сонгосон гэлтэй. Энэ хүргэнээ ч ноён Д.Баттөр эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлдэг гэнэ лээ.