Вакцин…
Вакцин эсэргүүцэгчид УИХ-ын даргатай уулзан, орон даяар бүх төрлийн вакцины ажиллагааг бүрэн зогсоохыг шаарджээ. Монгол дахь вакцинжуулалтыг байхгүй болгоно гэсэн үг. Өнгөрсөн долдугаар сараас хойш албан гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд дэлхий нийтээрээ ковидын эсрэг вакцинд хамрагдаж эхэлснээс хойш хоёр сарын дараа Монгол Улс эх орондоо эхний татан авалтыг хийсэн байдаг. Тун удахгүй 12-18 насныхныгаа “Фрайзер”-т хамруулахаар 260 мянган тунг татан авчирна. Хэрэв вакцин байгаагүй бол гээд бодоод үзээрэй. Энэ вирусын хамгийн хор хөнөөлтэй “Делта” нэртэй хувилбар Энэтхэгээс тархаж байна. Анхнаасаа вакцинд хамрагдаад, өөртөө дархлаа суулгаад явсан хүмүүс мутацлагдсан хувилбарын эсрэг ч бас зогсож чадна гэж бодсоны улмаас олон хүн вакцинд хамрагдсан, 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинжуулах боломж хүлээж байна. Гэтэл эмч эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэл, дэлхий нийтийн орчин цагийн анагаах ухааны ололт нээлтийн эсрэг ийм хачин юм яриад яваад байгаа хүмүүс цөөнгүй. Вакцин эсэргүүцэгчид үүгээрээ өөрсдөөсөө бусад олон хүний эрхийг зөрчиж байгаагаа ойлгож буй болов уу? Өөрсдөө л вакцинаа хийлгэхгүй яв, тэгэх үү. Тэгээд өвдсөн ч эмнэлэгийн тусламж, эм тариаг бас эсэргүүц дээ. Ширхэг эм уулгүй босоод ир. Хүн амынхаа 77 хувийг бүрэн вакцинжуулаагүй бол өнөөдөр ямар янзтай байх байсныг бодоод үзээрэй. Бид байтугай бөмбөрцөгөөрөө сөхөрч байгаа тахал шүү. Эмч сувилагч, онцгой, цагдаагийнхан, үйлчилгээ худалдааны төвүүдийн худалдагч нар…бүгд хамгийн эхний ээлжинд вакцинд хамрагдсан учраас өнөөдөр хэвийн ажиллаж чадаж байна, иргэн бид ч өдрийн хэд орж гараад байгаа хэрнээ амандаа масктай, ариун цэвэр сахиад ажрахгүй гүйж явна. Хамгийн энгийн ухаанаар бодоход халдвар дэгдээд өдий олон сар болж байхад нас баралт хэдэн зуугаар тоологдсонгүй, бас ч гэж барьж байна. Өөр яалгамаар байгаа юм? Улс орны, ард түмний олонхийн эрх ашиг, бага алдаж, том урагшлах ухаан гэж байдаг юм!
Р.Эмүжин