Дотоодод бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт тасралтгүй нэмэгдсээр байна. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илрэх нь нэмэгдэж буйг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл сайн дурын шинжилгээг энэ 15-наас үнэ төлбөртэй авч эхлэхээр болжээ. Энэ талаар НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа “Халдварын эхний үед эмийн багцыг гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгдөг байсан. Харин одоогоор эмийн багцыг бус шаардлагатай эмүүдийг өгч байна. Зарим өрхийн эмнэлгүүд маань өөрсдийн санаачилгаар эмийн багц бэлдэж өгч буй тохиолдол байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс вирусийн эсрэг эмээр хангаж байгаа. Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сар хүртэлх хугацаанд 100 мянган таблетк вирусийн эсрэг эмийг дүүргүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан. Түүнчлэн Монгол эмийн багцыг цуг тарааж байгаа. ЭМЯ-ны зүгээс вирусийн эсрэг эмийг боломжоороо хангаж ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамнаас зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болгох чиглэл өгсөн. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна” гэжээ.