Монголын урлагаас төрсөн хосууд тоймгүй олон. Ихэнхдээ нэг гэр бүлийн хосуудын хэн нэгэн нь найруулагч, продюсерээр нь ажиллах нь элбэг. Тэгвэл өөрийнхөө хийсэн дэлгэцийн уран бүтээлд гэр бүлийнхнээ тоглуулдаг олны танил эдийн засгийн хэмнэлттэй, “нарийнхан” уран бүтээлчдийг танилцуулж байна.
Ц.Хүсэлбаатар+С.Өлзийхүү

Хошин урлагийн салбар ид мандан бадарч байхад “Өнгөт инээд” хамтлаг хамгийн том уран бүтээлийн нэгдэл байв. Тус хамтлаг өдгөө тарсан ч найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн эхнэр МУГЖ С.Өлзийхүү, охин Х.Баярмаа, хүү Х.Санждорж нараа уран бүтээлдээ тоглуулдаг хэвээрээ. Тэрээр урьд өмнө нь хийсэн тайзны уран бүтээлдээ эхнэрээ оролцуулдаг байсан бол “Нинжин сэтгэл” уран сайхны киноны гол дүрийг мөн л эхнэртээ зориулсан гэдэг. Харин охиндоо “Аюултай харилцаа” киноны эхнэрийн дүрийг бүтээлгэсэн. Өдгөө хийж буй шинэ кинонд түүний хүү Х.Санждорж тоглосон гэнэ лээ.
Г.Цоггэрэл+У.Уранчимэг

Улсын Драмын Эрдмийн театраар 22 жил овоглож, олон арван жүжгийн гол хийгээд туслах дүр бүтээсэн МУГЖ У.Уранчимэг. Түүнийг ийнхүү олон бүтээлд тоглосныг түүний найруулагч нөхөртэй холбон тайлбарлах хүн олон. Тэрээр Улсын Драмын Эрдмийн театрт 20 гаран жил ажиллахдаа Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная, Ф.Шиллер “Хар санааjujigchin хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари, А.Себастян “Нэргүй од” – Мона, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг олон сайхан уран бүтээлд тогложээ. МУГЖ У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшнд захиралаар ажилладаг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа. Түүний энэ бүх амжилтын ард түүний нөхөр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Г.Цоггэрэл бат найдвартай зогсдог гэдэг.
И.Одончимэг+Т.Бархүү

Монголын хамгийн олны анхаарал татсан гэр бүл бол МУГЖ И.Одончимэг болон түүний 14 насаар дүү нөхөр жүжигчин Т.Бархүү нар. Өдгөө хамтын амьдрал зохиогоод 10 гаруй жилийн нүүр үзэж буй тэд уран бүтээлдээ ч гар нийлдэг. Урлагийн тогоонд олон жил чанагдснаараа туршлага ихтэй гэгддэг эхнэр И.Одончимэг нь сүүлийн хэдэн жил киног бие даан хийх болсон. Тус киноны гол дүрд ихэвчлэн түүний нөхөр Т.Бархүү тоглодог. Тэдний дундаас төрсөн Сүний охин ч аав ээжийнхээ авъяасыг өвлөн, сүүлийн үеийн уран бүтээлд дүр авах болсон байна лээ.
Дооёо+Мөнхзул

Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм. Тэдний туурвисан “Элэг нэгтэн” хэмээх уран сайхны кино нь олон улсын тэмцээнээс томоохон шагналуудыг хүртсэн билээ. Ийнхүү Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг уран бүтээлчид ихэвчлэн хэн нэгнийгээ гол дүрдээ авч ажлуулж байгаа харагддаг.
О.Бат-Өлзий+С.Сарантуяа

Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нар бол яахын аргагүй урлагийн од гэр бүлийн нэг. Тэд өөрсдийн уран бүтээлдээ хэн хэндээ гол болон туслах дүрийг өгсөн байдаг. Сүүлийн үед тэдний хүү найруулагч Б.Тамир өөрийн бүтээлдээ аав ээжийнхээ хэн хэнийг тоглуулах болсон. Тухайлбал, 2000 оны эхээр үзэгчдийг байлдан дагуулж байсан “Зүрхэнд шивнэсэн үг” уран сайхны кинонд эхнэр С.Сарантуяа тоглодог. Мөн тэдний хүү Б.Тамир найруулагчийн бүтээл болох “37-р точка” цуврал, “Маш нууц” зэрэг кинонд тэд тоглосон байдаг.
Д.Галбаяр+Т.Хулан

Найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашхүүгийн Галбаярыг танихгүй хүн ховор. 13 настайдаа “Цахилж яваа гөрөөс” кинонд тоглосон тэрбээр “Намрын синдром”, “ТҮЦ-ийн охид”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч”, “Миний нууц”, “Хайрын рекорд” зэрэг 10 уран бүтээлийн найруулагчаар ажилласан эрхэм. Дээрх бүтээлүүдийн ихэнх дээр эхнэр СТА Т.Хулангаа ямар нэг хэмжээгээр оролцуулан тоглуулсан байдаг.

