“Хохирогч” олон ангит киноны гол дүрийн “эзэн”, жүжигчин Г.Ариунболорыг харсан хүмүүс тэр бүр кинонд тоглоод байдаггүй, хаана байдаг жүжигчин бэ хэмээн нэгнээсээ асуух нь бий. Анх 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүрд тоглож байсан тэрбээр Герман иргэншилтэй Монгол бүсгүй.
Тэрбээр 10 настайгаасаа эхлэн ХБНГУ-д амьдарч эхэлсэн бөгөөд тэнд багаасаа жүжгийн болон бүжгийн дугуйланд суралцжээ. 15 настайдаа Германы алдарт бүжигчин, бүжиг дэглээч Дефлет Соостын зарласан уралдаанд оролцон түрүүлж, түүнээс хойш тэр хүний бүжгийн компанид харьяалагдах болсон тэрбээр 17 настайдаа Герман улсад зохион байгуулдаг “Азийн мисс” уралдаанд оролцож, түрүүлж байжээ.
Г.Ариунболор өдгөө Германы кино урлагийн зах зээлд Ариaна Гансүх нэрээр ажилладаг юм байна.
Берлиний кино драмын сургуульд кино жүжигчний чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан тэрбээр сургуулиа төгсөөгүй байхдаа “Frankfurt cooncidence” гэх кинонд тоглож, Германы А зэрэглэлийн Мюнхений олон улсын кино наадамд шилдэг залуу жүжигчнээр шалгарч байжээ.
Өдгөө жүжигчин Г.Ариана “Agentur Nielsen” хэмээх агентлагт харьяалагддаг. Тус агентлаг Австрийн Вена хотоос гаралтай бөгөөд туршлагатай агентлагуудын тоонд зүй ёсоор ордог билээ.
Тэрбээр “Дурлалын гэмт хэрэг”, “Хохирогч” хэмээх Монголын уран сайхны кинонд дүр бүтээснээс гадна Герман улсад том, жижиг олон дүрүүдийг бүтээжээ. Г.Ариунболор нэгэн ярилцлагадаа “2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглосноосоо хойш Германд би 25 орчим том, жижиг дүрүүд дээр ажиллажээ. Түүнээс гадна сурталчилгаа, жүжигт тоглосон. Тиймээс ойролцоогоор 30-аад бүтээлд ажилласан гэж хэлж болно. Тэдгээрээс онцолбол 2019 онд Германы Netflix-ийн “Transatlantic 473” кинонд жижиг дүр бүтээсэн. Мөн онд “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ Калифорнийн Палм Спрингсийн Кюн Палм кино наадмаас (Queen Palm Filmfest – Palm Springs, California) Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Энэхүү кино маань олон улсын кино наадмуудад багагүй амжилт гаргаж Рэмигийн 53 дахь удаагийн кино наадмын Шилдэг киногоор шалгарсан” хэмээсэн байдаг.
Г.Ариунболор энэ сард нээлтээ хийсэн “Хохирогч” хэмээх олон ангит кинонд Гэрэлээ бүсгүйн дүрийг бүтээсэн. Үүний өмнө тэрбээр Прагад очиж Netflix-ийн “Blood red sky” кинонд жижиг дүр бүтээсэн байна. Энэхүү кино нь Netflix дээрх хамгийн амжилттай, олон үзэгчтэй Германы кино уран бүтээл болжээ. Мөн сүүлд “The Sea Is Heaven” болон “Tatort – Blind Date” хэмээн кинонуудад тоглосон байна. Жүжигчин бүсгүй “Хохирогч” киноны Гэрэлээ бүсгүйн дүрийн талаар “Гэрэлээ бол амьдралын төлөө тэмцдэг, олон дарамт шахалт ирдэг ч тэдгээрийг үл ажрах маш хүчирхэг эмэгтэй. Асуудлаа шийдвэрлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бүсгүй. Харамсалтай нь амьдралд үйлийн үр байдаг гэдгийг энэхүү кинонд харуулна” гэжээ.
Сонирхуулахад, түүний нөхөр нь мөн кино зохиол бичдэг, кино драмын сургуулийн багш хийдэг Албани гаралтай Герман залуу байдаг гэнэ. Тэд нэг салбарт ажиллаж танилцсан бөгөөд хамтын амьдралаа эхлүүлээд 11 жилийн хугацааг үджээ.

