Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Зэс, нүүрс, газрын тос, алт, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нөөц ихтэй, гурван сая гаруйхан хүн амтай улсын нэг сая нь ядуу амьдарч байна гэдэг эмгэнэлтэй.

Шинэ он гарснаас хойш ам.долларын үнэ 3000 төгрөгт хүрч, шатахууны литр тутмын үнэ 3000 төгрөг рүү ойртлоо. Үүнийг дагаад бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ суга өсөв. Тэр бүү хэл, гадаад харилцаа нам зогсож бүх төрлийн экспорт, импорт гацаанд орон ард түмний амьдрал элгээрээ эвхрэв.

Гэтэл энэ улсын Төрийн гурван өндөрлөг энд тэндэхийн арга хэмжээ, өдөрлөг, ойн баяр наадам хэсээд юу ч болоогүй юм шиг инээд алдаж, мишээж гүйх нь гутамшигтай. Тэдэнд өнөөдрийн өөрийн эрх ашиг, амин хувийн аз жаргал чухал болохоос Долоон буудлын Доржийн амин зуулга огт хамаагүй бололтой.
Азийн хөгжлийн банкны судалгаагаар, хот суурин газар дахь ядуурал улам нэмэгдэж, нийт ядуу иргэдийн 63.5 хувь нь хот суурин газарт, үүнээс 41.8 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа дүн гарав. Судалгаанаас харахад, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч буй аж. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа нь мэргэжилтнүүд онцолж байна.

Монгол Улсын хувьд ядуурлын түвшнээс дээгүүр орлоготой иргэдийн нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ дунджаар 290,0 мянган төгрөг, уг шугамаас доогуур орлоготой байгаа иргэдийнх 108,0 мянган төгрөг байна. Ядуурлын түвшнээс доош буюу сард 146,0 мянган төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634-907.5 мянга болж нэмэгджээ.

