МУГЖ О.Бат-Өлзийг Ардын жүжигчин С.Сарантуяагийн нөхөр, “Фантастик” хамтлагийн найруулагч Б.Тамирын аав гэдгээр монголын ард түмэн мэднэ.
Гэр бүл, удам угсаагаараа монголын урлагийн түүхийг бүтээлцэж буй тэрбээр өөрөө Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор агсны хүү билээ. Түүний аав монголын кино урлагт өөрийн хичээл зүтгэлээрээ үнэлэгдэж, дэлгэцийн түүхэнд дүрээрээ мөнхөрсөн нэгэн байсан юм.
У.Осор агсан “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт тоглож байсан авьяаслаг уран бүтээлч байв. Мөнхүү “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичсэн байдаг.
Жүжигчин О.Бат-Өлзийгийн хувьд аавынхаа мэргэжлийг өвлөж,”Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг кинод залуу цагтаа тоглож байв. Мөн тэрбээр найруулагчийн авьяасаа хожуу нээж “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Уулын Төмөр”, “Маш нууц-2” зэрэг киног бүтээсэн билээ.


