“Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд”, “37-р точка” гээд “Фантастик”-ийн залуусын уран бүтээл нийгмийг байлдан дагуулж чаддаг нь сэтгэлгээнийх нь онцлог, цар хүрээний илэрхийлэл биз ээ.
Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй ч тус продакшны жүжигчин, найруулагчаар ажилладаг Б.Ганчулууныг мэдэх хүн цөөнгүй.
Бага насаа Баянхонгор аймагт өнгөрүүлсэн тэрбээр аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа аравдугаар анги төгстөлөө явсан гэдэг.
Тэр үеэс л урлагийн зах зухаас мэдэрч, дурласан тэрбээр 2008 онд СУИС-ийг дүүргэжээ. Тэрбээр “Зүрхний хилэн” киноны Базар, “37 точка” цувралын бага дүү Болдоос эхлээд цөөнгүй дүр бүтээж байсан. Тэдгээр дүр нь бүгд эерэг.
Жүжигчин Ганчулуун аливаа уран бүтээлд орохдоо дүрийнхээ онцлогийг харуулах зарчмаар ажилладаг гэсэн. Үйл хөдлөлөөс л тухайн дүрийн зан байдал харагдаж байдаг учраас дүрийнхээ шугамыг алдахгүйг хичээдэг гэнэ лээ.

