Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн хуралд оролцох үедээ 2030 он гэхэд Монгол улс нэг тэрбум мод тарина хэмээн ам алдаж, ажлаа эхлүүлсэн.

Түүний амлалтын хүрээнд мод тарих үндэсний хөтөлбөр эрчээ авч, салбар агентлагууд ч ажиллаж эхэлснийг хэвлэлүүд бичиж байв.
Гэтэл бодит байдал дээрээ энгийн иргэний тарьсан 3000 орчим модонд устаж үгүй болох аюул нүүрлээд байхад БОАЖЯ нь асуудлыг шийдвэрлэж өгөхгүй өөрсдөөсөө бултуулж эхэлсэн бололтой.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 3000 гаруй холимог модон төгөл үүсгэн амьдарч байсан энэ өвгөн БОАЖЯ-наас тусламж гуйхаар нийслэлд иржээ. Түүний мод тарьсан газар уурхайн зөвшөөрөл гарсан учраас өвгөнийг нутгаас нь нүүлгэх шийдвэрийг аймаг орон нутгийн удирдлагууд гаргасан байна. Өөрөөр хэлбэл, энэ иргэн говь нутагт цөлжилтийг бууруулах үүднээс хичээж зүтгэж хийсэн нурь их хөдөлмөрөө хаяад нүүх болчихоод байгаа юм байна.
Иргэний зүгээс тэр компианд нь “Манай модыг хариуцаж аваад үлд” гэхэд тэд “Манайд хамаагүй.Манай үйл ажиллагаатай холбоогүй” гээд цааргалжээ.
Уг нь “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөр үргэлжилж байгаа энэ үед 3000 гаруй мод бут сөөг гэдэг чинь асар том зүйл биш гэж үү. Салбар яам нь уг асуудлыг орон нутгийн Ойн санд нь хамаатай хэмээн үзэж буй юм билээ.

