MGL радиогийн хөтлөгч А.Хаш өдгөө 53 настай. Тэрбээр богино долгионы радиогийн хөтлөгч нараас хамгийн ахмад нь. Тэр бас хөтлөгч нараас хамгийн хөгжилтэй нь гэдэг тодотголыг сонсогч нараасаа “олсон”.
MGL 88.3 радио долгион дээр хөтлөгч А.Хашийн цариун дуу хоолой сонстож хөгжилтэй, ухааралтай энгийн яриа урсахад жолооч голдуу сонсогчид нь хэзээ ч уйддаггүй. Тэр олон сонсогчтой хөтлөгч, олон дагагчтай сошиалчин нэгэн билээ.
Үргэлж энгийн, цовоо цолгиун, хөгжил баясалтай үнэн амьдарч, үнэн оршдог учраас түүнийг бүх насныхан хайрладаг биз ээ. Унаж боссон урт замдаа л тэр үнэн амьдрах ухааныг олж одоо түүнийгээ хүмүүстэй хуваалцаж яваа эгэл нэгэн эр хүн. Эерэг нэгэн “гоё ах, сонсогчдынх нь тодорхойлсноор.
Амьдралаас сайхныг атгаж чаддаг, атгаснаа бусадтай хуваалцаж чаддаг тэрбээр 50 насны босгон дээр өөрт тохирсон, дуртай ажлаа олсон тухайгаа ярьдаг.
Тэрбээр анх 16 настайгаасаа ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз засалчаар ажиллаж байжээ. Тэр бүүхэл, хот тохижуулахад ажиллаж үзсэн бөгөөд гадаа самбар байрлуулж, зүлэг ногоо тайрдаг, тэгшилдэг ажил хийдэг байснаа сонсогчдоосоо нууж явсангүй. Мөн багаасаа эзэмшсэн Орос хэлнийхээ тусламжтайгаар олон улсын тусламжийн байгууллагад ажиллаж, хөл бөмбөгийн дасгалжуулагч хүртэл хийж, таксинд хүртэл хүн зөөдөг байсан гэдэг. Түүнийг манай сайтын папарацийн дуранд буулгасныг онцолж байна.







