“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. 
Гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон түүний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан.
Анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг буцаахдаа түүнтэй хамтран ажилласан гадаадын иргэний талаар ирүүлсэн, тагнуулын байгууллагын ажилтан хэмээн манай улсад мэдэгдсэн албан бичгийн эх хувийг ГХЯ-аар дамжуулан авч, хэрэгт нотлох баримт болгож хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Ч.Мөнхбаяртай хамтран ажиллаж байсан гадаадын иргэн нь гуравдагч орны ЭСЯ-нд ажилладаг, тухайн улсын тагнуулын байгууллагын офицер бөгөөд эх орноос нь манай улсад атташегаар илгээхдээ ГХЯ-аараа дамжуулж, тэр хүний мэдээллийг өгсөн байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн өчигдөр дээрх давж заалдах шатны шүүхэд ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, тус газарт эрх бүхий албан тушаал хариуцаж байсан Ч.Дашдорж, А.Сумъяа, Б.Насанжаргал, С.Сугар, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэхээр товлоод байсан. Хилээр эртний түүх соёлын ховор эд зүйл нэвтрүүлэхийг завдсан Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нараас Б.Насанжаргал гэх хүнээр зуучлуулан хахууль авсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа нар холбогдсон бөгөөд анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм.
Давж заалдах шатны шүүхэд өчигдөр тэдний хэргийг хэлэлцэх үеэр улсын яллагч нар нь тус шүүхэд бичсэн эсэргүүцлээсээ татгалзсанаар ямар нэг шийдвэр гаргаагүй аж.

