Монголчууд бид өөд болсон хүнийхээ ясыг өндөлзүүлээд яахав хэмээн бодож, хойчийн буян зам мөр нь бүдгэрэх биз хэмээн бодож шударга бус үйлдлүүдэд хэл ам хийдэггүй. Харин Монголчуудын энэхүү үзэл бодолд эмнэлгийнхэн болон буяны байгууллагууд хамтран бизнес хийж, ёс зүйгүй авирлах болсон байж болзошгүй талаар манайд уншигч хандлаа.
Тодруулбал, Хоёрдугаар эмнэлэгт зүрхний титэм судасны нарийсал гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан иргэн нас барсан тул шарил хадгалах газарт хадгалуулжээ. Тус эмнэлгийн шарил хадгалах газрын Сүмбээ гэх ажилтан талийгаачийн ар гэрийнхэнд лам санал болгож, буяны ажлын багц, байрлал зэргийг нь зааж өгөөд явуулсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь тухайн ламтай уулзахад таван саяын багцаа “шахах” гэж оролдсон бөгөөд аваагүйн төлөө Хоёрдугаар эмнэлгийн шарил хадгалах газрын ажилтан Сүмбээ гэгч ундууцан “дарамт” үзүүлэхийг завдсан байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй Хоёрдугаар эмнэлгийн шарил хадгалах газрын ажилтан Сүмбээ хоногийн 28 мянган төгрөг, дөрөв хоносон 112 мянган төгрөг бэлнээр өг хэмээн нэхэж байгаад авсан бөгөөд ямар нэгэн санхүүгийн баримт өгөөгүй аж. Уг нь эмнэлэгт өөд болсон бол ийнхүү төлбөр мөнгө авдаггүй гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл хүн өөд болоход эмнэлгийн ажилтан, буяны байгууллагатай нийлж, талийгаачийн ар гэрийнхэнд ёс зүйгүй үйлдэл гаргасан байгаа юм. Харин энэ асуудлыг Хоёрдугаар эмнэлгийн дарга, ажилчид нь мэддэг эсэх нь одоогоор эргэлзээтэй.
Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг хэрнээ энэ мэтээр ганц нэг ажилтны бусармаг үйлдлээр ийнхүү байгууллагын нэр хүнд унаж байгааг ажлаа авсан шинэхэн дарга Я.Амаржаргал анхааралдаа авах биз ээ.
Эс бөгөөс Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргал өөрөө ч асуудалд орох юм. Тэрбээр өмнө нь Я.Амаржаргал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа олон тэрбум төгрөгийн асуудалд орж шалгагдаж түүхтэй болохоор энэ мэт ажиллагаанд нь оролцсон байж болзошгүй хэмээх хардлага төрөх юм.
Цогцсоор бизнес хийж байж болзошгүй энэхүү ёс зүйгүй үйлдлийн талаар бид эргэж мэдээлэх болно.