УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн урьдчилсан шүүх хурлын тов гарсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг 2023.10.25-нд товложээ.
Уг урьдчилсан шүүх хурлаар 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжийг удирдаж байсан эрх мэдэлтнүүд оролцоно. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү “ширүүн” мессеж бичсэн охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Энхсайханы Жаргалсайхан яллагдагчийн ширээний ард суух юм.
Тэднийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж байгаа юм.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм.
Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албан ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа