Өөрийгөө Чингис Хаанд өргөмжлөөд байсан М.Баасанжаргал хэмээх залуу олны анхаарлыг ихэд татаад байсан. Чухам ямар зорилгоор ийнхүү олон нийтийн анхаарлыг татах болсон нь эхэндээ ойлгомжгүй байсан.
Харин тэрбээр саяхнаас өөрийн жинхэнэ дүр төрхийг ил болгож эхэлжээ.
Өмнө нь хамтлаг байгуулж явсан тэрбээр “Би өмнө нь хар тамхичин байсан. Арав гаруй жил хэрэглэсэн. Асар их хохирол амссан. Та бүхэн намайг жүжигчин гэдэг талаас нь хараарай. Би найруулагч мэргэжилтэй хүн. Миний хувьд фэйсбүүк зүгээр жижигхэн тайз байлаа.
Миний хийж байсан лайвууд, бичлэгүүд бүгд миний хийж байгаа уран сайхны кинонд багтсан байгаа. “21-р зууны Чингис Хаан” гэдэг нэртэй киногоо 2020.02.02-ны өдөр нээнэ гэсэн зорилготойгоор би зохиолуудаа ерөнхийд нь дуусгаж байгаа. Эхлэл, өрнөл хэсэг дууссан. Одоо төгсгөл хэрхэн өрнөх вэ гэдэг дээр кино маань явж байна.
Тэгэхээр миний хутга гаргасан, янз янзаар хувирсан, сахал үсээ авсан, янз янзаар дүр бүтээж та бүхний оюун санаа, сэтгэл зүйд хүрсэн үйлдэл нь жүжиглэлт байсан, найруулагчийн санаа, жүжигчний ур чадвар байсан гэдгийг хэлмээр байна” хэмээсэн байна.
Тэгэхээр энэ хугацаанд түүний хийж, хэлж ярьж байсан бүхэн жүжиг ажээ. Киноныхоо маркетингийг ийм маягаар хийсэн нь олны анхаарлыг татсан ч энэ нь эргээд олны эгдүүцлийг бүр их хүргэв бололтой. Хэрэв кино нь ирэх онд нээлтээ хийвэл тус киноноос та өөрийгөө ч олж харж мэдэх гэнэ лээ.