МАН-ын 30 дахь их хурал 09.00 цагаас эхэллээ. Их хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эрх баригч намынхан энэ удаагийн хурлаар хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлогоо танилцууллаа.
Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ гэж МАН-аас мэдээллээ.

Өнөөдрийн хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх бөгөөд нэн түрүүнд МАН-ын даргыг жинхлэх асуудлыг хуваарьт оруулжээ. Хамгийн эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх -Шинэ сэргэлтийн бодлого сэдвээр илтгэл тавьлаа.
Өнгөрсөн зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор батламжлах юм. Түүнчлэн Намын бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулах бол УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулна.


