“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикод болж байгаа билээ. Дэлхийн 130 гаруй орны миссүүдтэй өрсөлдөж, Монгол Улсыг төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртэ-Үжин оролцож байгаа билээ.

Дэлхийн миссийн тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс 2005 оноос албан ёсоор оролцож эхэлсэн. Манай улсын хувьд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж, тус тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа мисс А.Бөртэ-Үжин маань дэлхийн миссийн тэмцээний үндсэн төрлүүдийн нэг болох “Head to Head Challenge” номинацийн шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарсан баяртай мэдээг дуулгая. Тэрбээр өнгөрсөн хоёр долоо хоногийн турш болсон шалгаруулалтын үр дүнгээ ийнхүү үнэлүүлжээ.

“Дэлхийн Мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт нь АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болно. Энэ дашрамд сонирхуулахад дэлхийн миссийн тэмцээнд өмнө нь оролцсон миссүүдийн гаргасан амжилтуудаас дурьдвал, мисс А.Сарнай шилдэг 25 мисс, мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорч байсан бол 2018 онд мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байсан билээ. Ийнхүү эх орон, үндэсний өв соёлоо дэлхийн улс оронд сурталчлан байгаа мисс А.Бөртэ-Үжиндээ амжилт хүсье.



