Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 39” яруу найргийн наадам 2021 оны 12 дугаар сарын 24-нд болно.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн. Тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлдөнө. “Болор цом” наадмын тэргүүн найрагчид МЗЭ болор цом, мөнгөн шагнал, наадмыг хамтран зохион байгуулагч МҮОНРТ Эгшиглэнт эх Янжинлхам бурхныг гардуулдаг уламжлалтай.
МҮОНРТ нь 1983 оноос хойш жил бүрийн “Болор цом” наадмын бичлэгийг хийж, Монголын үзэгч, сонсогчдодоо бүрэн эхээр нь хүргэж ирсэн. Энэ жилийн хувьд МҮОНТ “Болор цом 39” наадмыг Шинэ жилээр монголчууддаа үзүүлэхээр төлөвлөжээ.
“Болор цом 39” наадмын онцлог:
– Оролцохоор шалгарсан 25 найрагчийн 6 нь “Болор цом”-ын эзэн байна.
– Наадмыг 2021 оны 11 дүгээр сарын 12-нд болсон МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ.
– Цар тахлын онцгой үед тохиож байгаа тул МЗЭ энэ удаагийн наадмаа ахмад гишүүд, үнэнч үзэгчдэдээ урилгаар үзүүлэхээр шийдээд байна. Гэхдээ УОК-оос тавьж байгаа шаардлагын дагуу халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, үзэгчийн тоог хязгаарлана.
– “Болор цом 39” наадамд уншсан бүх шүлгийг “Mon nom” аппликейшнд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс үнэ төлбөргүй байршуулах тул хүссэн хүн бүхэн сонсох боломжтой.