Өнгөрсөн 2021 оны хаврын урт өдрүүдэд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” байсан “Ододтой бүжиглэе” шоуны тайзан дээр гялалзаж яваа оролцогчдын төлөөлөл бол “Ангууч” хочит Б.Баттөр, түүний хамтрагч бүжигчин Б.Халиун нар.
Шоуны ялагчдаар тодорсон тэд өдгөө уран бүтээлийн сайн найзууд болсон гэдэг. Анх “Ангууч”-ийн хамтрагч гэдгээр олонд танигдаж байсан бүжигчин Б.Халиун өдгөө олны танил бүсгүйчүүдийн нэг хэдийнээ болжээ. Цэнгээт бүжгийн “Moon dance” хамтлагийн бүжигчин тэрээр “Royal dance” клубийн багш.
Хамтлагийнхаа нүүр царай болсон тэрээр СУИС-ийг бүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. СУИС-ийг төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд Үндэсний урлагийн их театрт жүжигчнээр ажиллаж байжээ. Бүжгийн спортын ОУХМ цолтой түүний ханийг О.Эрдэнэ-Очир гэдэг. Мөн л “Moon dance” хамтлагийн бүжигчин.
Тэд 2013 онд “Moon dance” хамтлагт ороод танилцжээ. О.Эрдэнэ-Очир “Royal dance” клубийг үүсгэн байгуулагч, багш нь. Түүний эгч нь “Moon Dance” хамтлагийн багш О.Саранхүү.
Бүжигчин Б.Халиун нөхрийн хамт өнгөрсөн жил “Dance chance” буюу “Бүжгийн боломж” төслийг санаачлан удирдаж, халимаг, хотон, буриад бүжгийн чалленжийг цахим орчинд давалгаалуулсан юм. Тэдний давалгаанд олон хүн нэгдэж, бүжиглэсэн билээ. Б.Халиун бүжиглэхээс гадна дуулах авьяастай. Шаггүй дуучин болохыг нь ханьтайгаа хамт “Алтаргана” дууг хэрхэн дуулснаас бэлхнээ харж болно.



