“Яг түүн шиг” шоунд оролцоод загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүүтэй нэрд гарсан хүн бол загвар өмсөгч С.Сарнай. 
Бага насаа аралын Японд өнгөрүүлсэн тэрээр хэдэн жилийн өмнө “Гоёл” наадмаар өөрийн үүсгэн байгуулсан “Monroze” брэндээ танилцуулж, өөрөө тайзан дээр алхсан юм. Тэр бүү хэл, тус наадмаас “Шилдэг залуу дизайнер”-ын шагналыг хүртэж амжсан билээ.
Өдгөө брэндээ “хөл дээр нь босгож” байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болсон тэрээр пасив орлогоо бүрдүүлж чадсан. Тиймдээ ч сэтгэл тэнүүн алхах болж. Мөн гэр бүлийн амьдралаа ч төвхнүүлж, сайн хань сайн ээжийн үүргийг гүйцэтгэж буй.
Загварын салбарт моделиор чамгүй олон жил ажилласан авьяаслаг бүсгүй Их наран улсаас Монголдоо 2011 онд ирсэн.
Монголдоо ирээд, хүсэл мөрөөдлийнхөө дагуу “Сити” дээд сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр суралцаж, 2015 онд их сургуулиа төгссөн байна. Үүний дараагаар өөрийн “Monroze” брэндийг үүсгэн байгуулж, үндэсний хэв маягийг орчин үеийн стиль имижид шингээсэн өвөрмөц загваруудыг урлах болсон билээ.
“Яг түүн шиг” шоунд оролцохоос өмнө түүнийг 2014 оны “Азийн Стар модель”, дуучин Д.Болдын “Үүлэн домог”, дуучин М.Мягмартай хамтран дуулсан “Байна уу, ээж ээ?” дуугаар нь хүмүүс сайн мэднэ.




