Урлагийн авьяас удамшиж, үе улирдагийг ах дүү авьяастнуудаас харж болохоор. Урлаг манайд хэдийгээр хангалттай хэмжээнд бүү хэл боломжийн түвшинд ч үнэлэгдэж чаддаггүй ч бүх хүүхдүүдээ зураач болгочихсон Төрийн шагналт зураач Цэгмид агсан, 4 хүүхдээ дөрвүүлэнг нь төгөлдөр хуурч болгочихсон УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсан гээд урлагт гүн бишрэлтэй сэтгэлийг нь хайрламаар эрхмүүд олон.
Тэд зөвхөн урлагт хайртай сэтгэлээр үрсээ ийм ариун замд хөтөлж, хүүхдүүд нь ч өөрийн эрхгүй энэ ертөнцөд шунан дурладаг бизээ.
“Морь”-ны холбоотой төрсөн ах дүүс
Монгол Улсын Морин Хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч СТА Д.Түвшинсайхан, уртын дуучин Д.Жавхаасайхан хоёрыг төрсөн ах дүү гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу.
Монголын язгуур урлагт өөрийн гэсэн орон зайгаа тодоор үлдээж яваа ах дүү хоёрын нэг нь хөгжмийн найруулагч, нөгөө нь уртын дууч. “Эр бор харцага”-ыг эр хийморьтойхон хангинуулдаг Д.Жавхаасайханыг нийтийн дууны Юндэн хэмээн үе тэнгийнхэн нь цаашлуулдаг. Үнэхээр ч нүд хөмсөг, нуруу туруу тэгш сайхан дуучин эрийн гэргий “Шуранхай”-н Үүрийнтуяа. Дууч хосууд хамтран цөөнгүй уран бүтээл туурвисан нь бий. Тэгвэл ах Д.Түвшинсайхан нь эгээтэй л Бетховен шиг үс гэзгээ ургуулчихсан, ийм үедээ дохиураа бариад тайзан дээр гарахаараа алдарт хөгжмийн зохиолч лугаа болчихдогийг дурдахгүй өнгөрч болохгүй. Авьяас чадварын тухайд ч ахмад үеийнхнээ хүртэл хол хаясан Д.Түвшинсайхан хаа очиж даруу төлөв зан нь дийлсэн ясны уран бүтээлч. Хөдөө нутгаас хөтлөлцөн ирж, бор зүрхээрээ, авьяасаараа урлагийн ертөнцөд орон зайгаа тэлж яваа ах дүү хоёрт улам их амжилт хүсье.
Дуурийн гавьяат аавын хоёр хүү
Одоогоос хэдэн жилийн өмнө “Ертөнц” цомгоороо өөрийн гэсэн сонсогчдын хүрээллийг бий болгож амжсан хөгжмийн зохиолч Г.Онон хөгжмийн хорхойтон, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч борлуултаараа ч тэргүүлж байсан.
Г.Ононгийн “Ертөнц” цомог жинхэнэ монгол этник, язгуур өнгө аясыг бүрнээ илтгэсэн нь залуу хөгжмийн зохиолчийн сод авьяасынх гэнэ лээ. Тэрбээр яруу найргийн хатан хаан хэмээгддэг Ш.Дулмаа гуайн ач хүү, МУГЖ Д.Ганхуягийн том хүү. Нэг л цомгоороо олны хараанд өртөж хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан Г.Ононгийн төрсөн дүү Г.Тэнүүнийг хайрын дууч гэдгээр нь бид андахгүй.
Ихэр юм шиг адилхан ах дүү нар удам дамжсан, урлагийн тогоонд гар нийлсэн хамтрагчид. Ах дүүсийн дундаас “Хайрын гүн хордлого”, “Хамтдаа байвал болох уу”, “Худлаа даа” зэрэг өөрийн гэсэн донжтой, өвөрмөц өнгө аяс бүхий хит дуунууд төрөн гарч байсан билээ.
Т.Баттогтохын сийлбэрч дүү

Тэднийг ах дүү сийлбэрчид гэдэг. Далны ясан сийлбэр хийдгээрээ алдартай дуучин Т.Баттогтохыг бид андахгүй. Харин дүү Т.Баттулга нь мөн л сийлбэр, арьсан урлагийн мастер гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу.
Хэдэн жилийн өмнө ах дүүс хамтран далны ясны сийлбэр, арьсан барималын үзэсгэлэн гаргаж шуугиан тарьж байсан билээ. Хамтдаа үзэсгэлэнгээ гаргасанаасаа хойш уран бүтээлээсээ хөндийрсөн ах дүүсийн ах сийлбэрчин Т.Баттогтох нь сүлжээний бизнест сэтгэл шулуудаж, их хотоор “Орифлейм”-ийн логотой машин унан давхих болсоор удаж буй.
Г.Золбоотын төрсөн ах
Дуурийн театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Г.Эрдэнэбаатар хэмээх энэ эрхэм дэндүү даруу нэгэн. Сонгодог театрын цорын ганц найруулагч тэрээр ур чадварын тухайд гологдох юмгүй, мэдлэгийн тухайд их уншдагийнх гэмээр арвин баялаг. Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д суралцаж, дуурийн найруулагч мэргэжил эзэмшиж, 2004 онд Дж.Пуччинийн “Богема” дууриар шилдэг уран бүтээлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны шагнал хүртэж байсан тэрээр жүжигчин Г.Золбоотын төрсөн ах. Дүү нь хошин урлагт хүчин зүтгэж олонд алдаршиж амжсан бол ах нь авьяас мэдлэг зузаан хэрнээ хөшигний ард амьдардаг нь урлагийн төрөл жанрын онцлог гэлтэй.
Хэнтийн нутгийн бахархалт дуучин ах дүүс
Ах дүү дуучин Д.Ариунбаатар,
Д.Наранбаатар нар Хэнтий нутгийнх буюу гавьяат Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат нартай нэг гол усных гэдгээрээ бахархдаг. Ах Д.Ариунбаатар нь цагтаа ДБЭТ-ын гоцлол дуучин гэгдэж явсан авьяастай ч адтай ч нэгэн бий. Дуурийн театраас Ц.Түвшинтөгс гавьяатын “Улаанбаатар” чуулгын уран сайхны удирдагч болон дэвшсэн түүнийг Далай багшийн дуучин гэдгээр нь ард түмэн андахгүй. Далай багш, Есдүгээр богд тэргүүтэн шашны том хутагт хувилгаад ирэхэд бурханы дуу дуулсаар ийм өргөмжлөл авсан тэрээр нэг хэсэг Энэтхэгийн Дармасалад амьдарч байсан. Далай багшийн өмнө дуулж, шавь орж мөрөөдлөө биелүүлсэн дуучин эр бурханы шашинд гүн гүнзгий сүсэгтэй болсон аж. Дуурийн дуучнаас бурханы дуучин болж буянаа нэмж яваа түүний төрсөн дүү нь Д.Наранхүү хэмээх дуучин эр бий. Ахаасаа дутахгүй хоолойн цартай тэрээр “Бурханаас нуусан амраг”, “Бодол задгай алхана” зэрэг хит дуунуудаар од болж явсан цаг эртнийх. Хэсэг хугацаанд гэгээрлийн замд орон, дугуй унаж, цагаан хоолоор “занималдах” болсон Д.Наранхүү чухамдаа халуун хайр дурлалаас болж ийм замыг сонгосон гэдэг юм билээ. Тэрхүү хайрынх нь эзэн манай нэгэн нэр бүхий найрагч эмэгтэй ч гэх нь бий. Харин өдгөө дуучин эр хувийн бизнестээ ханцуй шамлаад тун ч завгүй болсон гэнэ лээ.

