Монголын рок попын төдийгүй аль ч салбарт төрсөн ах дүүгээрээ төрд үнэлүүлж гавьяат цол авсан хүмүүс тун цөөн. Тэгвэл өнөөдөр ая зохиогч Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болсноор удам угсаа төдийгүй, монголын рок попын түүхэнд ах дүү алдартнуудын тоонд орж байна.

Шинэхэн гавьяатын төрсөн ах сэтгүүлч, ая зохиогч Б.Долгионыг мэдэхгүй хүн ховор. Тэрээр яг одоогоос 10 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн болж байсан юм. Ингээд бодохоор ах дүү хоёр яахын аргагүй хос чимэгтэй ах дүүс.
Сонирхуулахад, тэдний аав ээж нь урлагт нэлээд авьяастай, сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Б.Долгион, Б.Ангирмаа гээд хүүхдүүд нь авьяастай, урлагт сэтгэлтэй байдаг нь яахын аргагүй ээж, аав, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэдэг нь эргэлзээгүй. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав нар хүртэл аавынх нь сайхан дуулдаг байсан тухай ярьдаг.
Аав нь гэртээ үргэлж дуулна. Нэрт дуучдын дуутай пянзыг байнга тавина. Ээж нь хөгжим сонсох зэргийг нь хэзээ ч хориглож байгаагүй нь цаагуураа дэмждэг байсны нэгэн илэрхийлэл байжээ. Ийм гэр бүлд өссөн хүүхэд яаж ч хөгжим сонирхохгүй байх билээ.



