Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хэмээх энэ эрхмийн нэр алдрыг сонсоогүй хүн цөөн буй за.

“Болор цом” наадамд шүлэг зохиолоороо уралдаж гурван ч удаа тэргүүн шагналыг хүртэж байсан тэрээр саяхан болсон нэгэн яруу найргийн цэнгүүнд долгионтой буурал үсээ илэн суугаа харагдана лээ.
Нэг нутгийн хоёр том найрагч болох Б.Лхагвасүрэн агсан, П.Бадарч тэр гурвыг яруу найргийн наадмын дэвжээн дээр бүтээлээрээ гайхуулахын зэрэгцээ бие биенээ егөөдсөн үг яриа нь “Болор цом”-ыг үнэхээрийн амттай болгодог байсныг уншигч та мартаагүй биз ээ. Тэр “Дутах, эс дутахын шүлэг”, “Миний муусайн найз нар”, “Дэр модны дууль”, “Чамдаа би өртэй” зэрэг шүлгээ уншиж “Болор цом”-ыг гуядан авч байсан түүхтэй.
Д.Цоодол гуайн бүтээл амьдралыг эргэцүүлсэн ухаарал, хайр дурлал, баяр гуниг хослосон, уншихад сэтгэл сэмэрмээр өнгө аяс даанч элбэг гэдгээрээ бусад найрагчдаас онцлог билээ.



