“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан Улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг зодог тайлаад хоёр сарын нүүр үзэж буй.

Тэрээр зодог тайлснаасаа хойш эх орондоо хүү, нөхрийн хамт бүр мөсөн төвхөнөсөн. Өдгөө 32 нас зооглож буй тэрээр сар шинийн баярыг угтаж хүү болон нөхрийнхөө зургийг анх удаа ил гаргав.
Г.Отгонцэцэгийг 2015 оны нэгдүгээр сард Монгол болон Казахстаны жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд Казахстан Улс өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан билээ.
Тийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон юм.
Тэр цагаас хойш буюу Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголчууд төдийгүй Казахстанчуудыг баярлуулсан билээ.
Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж байв.


