Монголын уран сайхны кинонууд дунд сэтгэлд хоногшсон олон арван дүр бий. Эдгээр дундаас киног хамгийн ихээр шигтгэн үзэгч олны өөртөө татдаг хэсэг бол эсрэг дүрийн бүтээсэн сцени билээ.
Эсрэг дүрийн баатаргүйгээр тухайн уран бүтээл давсгүй хоол л гэсэн үг. Эсрэг дүрийн баатар нь үзэгч олны зэвүүцэл, бухимдалыг чин үнэнээсээ хүргэж байна гэдэг бол тухайн жүжигчин өөрийн дүрээ яг л бодит хүн мэт маш сайн гаргаж чаджээ гэдгийг илтгэж буй явдал.
Тэгвэл энэ цаг үед эсрэг дүрийг “тултал хийдэг” уран бүтээлч бол СТА жүжигчин С.Ариунбямба.
Тэрээр Харх, Содура, Аравт, Луйвар, Үргээлэг, Ар хударга, 2000, Этгээд зэрэг кино бүтээлээрээ авьяас чадвараа харуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй чадварлаг залуу уран бүтээлч юм.
Түүний хувьд анх эсрэг дүрээр үзэгч олноо танил болсон ч одоо бол голчлон түүхэн баатар эрийн дүрийг бүтээх болжээ. Өвөрмөц төрх, онцгой чадвараараа ард түмний хайртай жүжигчдийн нэг болсон С.Ариунбямба өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятадын түүхэн бүтээлд монгол хүний дүрийг бүтээсэн гэдэг. Түүний тоглосон “The Longest Day in Changan” нэртэй 48 ангитай цуврал аль хэдийнэ Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна.