Цалгиа ихтэй цаг төрийн үймээн улс үндэстэн, овог аймаг, отог хошуудын алинд боловч сайн муугийн аль нэгэн мөрийг гүн бат үлдээж, тэр нь түүхийн давалгаанд элэгдэн мөлийсөөр өнгө хувирч, өөр өөрөөр хэлцэвч үнэн хэмээх цөм язгуур нь үлдсээр, дурсагдсаар байдаг жамтай болой. “Цавчих илдний ир болсон
Цариг дуулганы дэл болсон
Цахар түмэн мину” хэмээсэн магтаалаас цахар гэж хэн болоод ямар учраас ийн магтуулах болов гэх сонирхол эрхэтгүй төрнө. Чингис хаан 150 хэшигтэн цэрэгтэй байгаад Их Монгол улсаа байгуулсны дараа түм болгон өргөтгөв хэмээн түүх өгүүлнэ. Овог аймаг болгоны шилмэл шигшмэл эрсээс бүрдсэн түмэн цэрэг, тэдгээрийн ар гэр, аж ахуй гэхээр ямархан хүч гэдэг нь төсөөлөгдөнө. Хубилай хааны үед тэднийг “Хэшигтэн отог” болгож, Цахарт харьяалуулав. Цахрууд хас төрийн тулгуур болж, хаан эзэндээ үнэнчээр зүтгэдэг байсны уг язгуур үүнд бүлгээ. Дорнын их талын зүүн бие, Хөлөнбуйр, Шилийн гол, өмнө зүгтээ Шар мөрөн хүртэлх уудам нутагт нүүдэллэн амьдарч асан цахрууд зургаан түмэн Монголын нэг нь болж, Батмөнх даян хааны үед монголчуудын бутрал хагарлыг таслан зогсоох үйлсэд оройлон зүтгэв. Үүнээс зуугаад жилийн хойно Цахрын Лигдэн хутагт хамаг монголчуудаа нэгэн дээвэр дор нэгтгэж, хүчирхэг Монгол улсаа сэргээн мандуулна хэмээн тэмцэж яваад 42-хон насандаа таалал төгсөв. Манжийн эрхшээлээс Монголоо гаргахын төлөөх тэмцэлд цахрууд оройлон тэмцсэний хариуд цахар хааны үндсийг тасална хэмээн манжууд өшилж, Лигдэн хааны хүү Абунайг хөвчлөн хороов. Ач хүү Бурниг цэрэглэн дарав. Энэ бүхний цаана цахар түмний өгүүлж барамгүй эрэлхэг зориг, баатарлаг түүх, бас зовлон шаналал буй. Манжийн хаан цахруудыг 8 хошуу болгон задалж, Цагаан хэрмийн хойгуур нутагт суулгав. “Цахар найман хошуундаа цантаа нь үгүй Тоорой доо” хэмээх ардын дуу чухам энэ үеийнх. Цахрыг тараан бутаргах, жижиглэн хуваах бодлогоо Манжийн хаан орхисонгүй. 1761-1762 онд цахрын 2000 цэргийг гэр бүлийнх нь хамтаар Ил тарвагатайн Бор тал руу шилжүүлэв. Оршин буй төрийн эрхшээл дор ойж буусан хувь тавилан гэвээс энэ билээ.
ХХ зууны арваад он болж, гадааддаа дарамт, дотооддоо занал ихтэй Манжийн төр сульдан доройтож, Монгол, Хятадын аль аль нь тусгаар тогтнолоо сэргээж, өөрийн төр улсаа байгуулахын төлөө тэмцэл өрнүүлэв. Ил тарвагатайн Бор талын цахрууд энэ тэмцэлд бас л тэргүүн эгнээнд нэгдэж, Л.Сумъяа бэйсийн удирдлага дор 1909-1911 онд манжийн цэрэгтэй олонтаа байлдаж, эцэст нь хүчин мөхөстөн нутгаасаа дүрвэцгээв. Цахрын Лаварын Сумъяа тэргүүтэй 300 шахам хүн Хасаг, Оросын нутгаар дамжин 5 мянган километр хүнд бэрх замыг туулан Монголоо хэмээн зүтгэв. Ийн бичиглэхэд хэдхэн мөр түүх боловч дэлгээд яривал хэдэн хоногт дуусамгүй адал бэрхийг туулан байж тэд тусгаар тогтнолоо зарлаад байсан Монгол улсын хилээр 1912 оны өвөл орж ирсэн. Монгол төрийнхөө төлөө тэмцэж яваад эрсэдсэн Лигдэн хааны харьяат цахар түмний төлөөлөл олон зууны турш ойж буусан хувь заяаныхаа нэгээхэн учрал тохиолоор ийнхүү хас төрийн халуун голомтдоо эргэж нийлсэн түүхтэй. Богд хаан тийн ирэгсдийг Хиагтад суулгаж, Л.Сумъяаг өмнөд хязгаарын Дарьгангын цэргийг захирах сайдаар томилон илгээв. Л.Сумъяагийн удирдсан цэрэг 1913 онд Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөх дайнд оролцон Долоннуур хүртэл давшиж, олон удаа ялж, алдраа мандуулсан тул Богд хаан зарлиг буулган Л.Сумъяад “Ялгуун баатар” цол олгож, одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт харьяат ардаар нь хошуу байгуулан захируулав.
Ялгуун баатар Л.Сумъяагийн хувьд Монголынхоо төлөө зүтгэх тэнгэрийн цаг нэгэнт иржээ. Тэрээр төрсөн дүү Л.Дэмбэрэлтэйгээ хамт 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Монгол орныг хятадын хар цэрэг, оросын цагаан цэргээс чөлөөлөх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэв. Социализмын үеийн түүх, уран зохиолд Л.Сумъяагийн гавьяаг бүдгэрүүлж, янз бүрээр гуйвуулан бичдэг байсан. Гэхдээ үнэн заавал ялдаг. Цавчих илдний ир болсоор дууссан цахар хүмүүн Л.Сумъяагийн түүхэн гавьяаг Г.Мягмарсамбуу, Л.Жамсран, Ж.Урангуа, З.Лонжид нарын түүхчид судлан үнэнийг өгүүлж, алдрыг нь сэргээсэн.
Харин тавилан төөргийн эрхээр Бор талд үлдсэн цахар монголчуудын амьдрал, хувь заяа өөрийнхөөрөө үргэлжилсэн. Тэд ёс заншил, хэл соёлоо цагийн уртад гээлгүйгээр өвлөн хадгалж чадсан. Монгол, Хятад хоёр орны харилцаа сайжирч, хоёр орны ард иргэд харилцан зорчих болсон 1990-ээд оны эхээр Бор талын цахар монгол Хөхнээгийн Идэнбаяр хэмээх нэгэн Монгол улсыг зорин ирсэн. Дээд олон үеэ андахгүй мэддэг тэрбээр зах зээлийн эдийн засагт шилжиж буй шинэ цагийн Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна, амьдралаа ч сайжруулна, улсаа ч хөгжүүлэлцэнэ гэсэн итгэлээр олон саадыг даван байж Монгол улсын иргэн болсон. Зам, барилгын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Олон зуун хүнийг ажлын байраар хангаж, олон зуун айлын орд өргөө барьж, цаггүй зүтгэж, үггүй бүтээж явсныг нь мэднэ. Монголчууд эх түүхээрээ бахархах, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх аливаа ажил үйлс, бүтээл туурвилыг олонтаа дэмжиж байсныг нь мэднэ. Цавчих илдний ир болсон, цариг дуулганы дэл болсон цахар түмний үр хойч гэдгээ үг, үйлээрээ харуулж, Монголоо гэх сэтгэлээ тэрээр хангалттай таниулсан. Ажил үйлс нь ид тэгширч, илүү ихийг бүтээх ирэн дээрээ байх үед нь төрийн нэр барьж хувийн хүслээ хангадаг хэсэг бүлэг хүмүүсийн улмаас түүний ажил бизнес гацаад олон жил болж буй зовлонг нь бас мэднэ. “Нохой хотондоо эрэлхүү, монгол монголдоо дээрэлхүү” гэж нэг муухай үг бий. Монголоо гэж ирээд, Монголынхоо төлөө гэж зүтгээд эцэст нь хохирч дууссан цахрын Ялгуун баатар Сумъяагийн түүх бол Монгол төрийн гарах гарцгүй хатуурхлын түүх. Ардын цэргийн дэд жанжин байсан түүнийг феодал хэмээн 1931 онд намаас хөөж, сонгуулийн эрхийг нь хасаж, түүний үнэнч цэрэг 37 партизан, ахан дүүс 17 хүнийг нь буудан хороосон. Гэтэл жирийн нэгэн цахар монгол Х.Идэнбаяр Монголоо гэж ирээд, Монголынхоо төлөө гэж зүтгээд эцэст нь амьдрал бизнесээрээ хохирч байгаа түүх бол монгол төрийн нэр барьж булхай луйвраар баяжиж хөлждөг хэсэг бүлэг этгээд, нийгмийн хорт хавдар болсон авлигын сүлжээнийхний цагаандаа гарсан үйлдлийн илрэл. Зуун жилийн дараа арай өөрөөр түүх давтагдаж байна.
Зүй нь Монголын төр Л.Сумъяа бэйс шиг хүмүүсээр бахархах, түүхэн гавьяаг нь мөнхлөх учиртай. Зуун жилийн тэртээ түүн лүгээ адилаар Монголоо хэмээх чин сэтгэлээр халх монголчуудтайгаа хамтран зүтгэж өнөөгийн Монгол улс оршихуйн үндсийг тавилцсан өвөрлөгч, буриад олон баатруудаа талархан дурсах ёстой. Орчин цагийн Монгол улсын хөгжилд бие сэтгэлээ зориулж, хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхэлж байгаа Х.Идэнбаяр шиг хүмүүст талархаж, тэднийг дэмжих учиртай.
Харамсалтай нь тэгж чадахгүй, алагчилж гадуурхаж, хавчиж хяхаж, гомдоож гундааж л харагдах юм. Хамаг Монголын халуун голомтыг бадрааж яваа төр юмсан, уг нь.
Урианхан Б.Галаарид