“Фантастик” продакшны халуухан жүжигчин тэрбээр охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд үргэлж байдаг. Монголын дур булаам залуусын тоонд багтах болсон тэрбээр өдгөө 31 настай.
Тэрбээр 1991 оны гуравдугаар сарын 13-нд Дарханд төржээ.Түүнийг СУИС-ийг дүүргэсэн гэж андуурах хүн олон. Гэвч тэрбээр 2012 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ.
Сургуулиа дүүргэмэгц “Шинэ үе” хамтлагт хэсэг хугацаанд ажиллаж байсан ч, 2015 оноос “Фантастик” продакшнд харьяалагдах болж. Тэрбээр “Маш нууц-1” киноны гол дүрд тоглосон нь түүний хувьд дэлгэцийн урлагт өөрийгөө сорьсон явдал болсон.
Уг кинонд тоглосноор чадварлаг жүжигчин гэдгээ баталсан тул түүнд дахин кинонд тоглох санал ч цөөнгүй ирж. Төд удалгүй гол дүрд нь тоглосон “18 нас, Би чамд хайртай” кино нээлтээ хийж, мөн “Үргээлэг 2” кинонд туслах дүрд тоглоод амжсан.
Түүний хамгийн их хүндэлдэг хүн бол ээж нь.
Өөрийгөө ч ээжийн эрх хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэнэ лээ. Тиймдээ ч гол дүрд нь тоглосон хоёр дахь кино болох “18 нас, Би чамд хайртай” киноны нээлтийн дараа “Цаашдаа олон сайхан бүтээлд тоглож, ээжийгээ баярлуулбал энэ мэргэжлийг сонгосны хэрэг гарах нь ээ” хэмээж байжээ.



