Өнөө цагт Монголд гэлтгүй дэлхийд хип хоп хөгжмийн дарах жин, нөлөө нэмэгдсээр байгаа билээ. Үүнийг илтгэх мэт Монголд хөгжмийн энэ урсгал, чиглэлд хамгийн их уран бүтээл хийгдэж буй.
Тэдгээрийн дотроос аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, гол төлөөлөгчдийн нэг болсон уран бүтээлч бол рэппэр, продюсер Desant юм. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж, 10 жилээ төгсөх үеэсээ буюу 2005 оноос анх сонсогчдод дуугаа хүргэж эхэлжээ.
Desant өөрийн уран бүтээлүүдийг гаргахын зэрэгцээ ирээдүйтэй рэппэр, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг бөгөөд 2017 онд “Тоонот рекордс”-ийг хамтран байгуулжээ. Түүний жинхэнэ нэрийг Г.Батболд гэдэг.
Тэрбээр хөгжим, дуу хийх ажлаа сайн хийдэг байх гэж боддог аж. Энэ тухайгаа “ Ямар ч зүйлийг хийж чадахгүй гээд хойш суугаад байх нь ховор. Яаж ийгээд зохицуулж, хийж болж л таараа гэж боддог. Мөн, нэг мэдэхэд олон дүүтэй болсон байна. Сайн ах байхыг хичээдэг дээ” хэмээн ярьсан удаатай.

