Монгол Улс хэдэн нүхэн жорлонтой вэ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл дор хаяж нэг жорлонтой. Дүүрээд булж орхисон жорлон зарим айлын хашаанд 5-6 бий. Үүн дээр 21 аймгийн төв, 330 сумын айлуудыг нэмбэл хэд болохыг таашгүй. Энэ тоог мэдэх албан тушаалтан ч манай төрд байхгүй.
Тэрбүүхэл, хотын төвдөө нийтийн нүхэн жорлонтой их хот Улаанбаатараас өөр хаана ч үгүй биз ээ.
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2018 оны зургадугаар сарын 1-нээс тусгай хамгаалалттай газруудад нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Гэтэл уг тушаал өдгөө хэрэгждэггүй бололтой. Дээрх тушаалын дагуу тухайн үедээ багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, тусгай хамгаалалттай газрууд дахь стандарт (Нүхэн жорлон, угаадасны нүхний MNS 5924:2015)-ын шаардлага хангахгүй жорлонгуудыг буулгаж байдаг.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хотын ногоон бүс, ой, усан сан бүхий газарт нүхэн жорлон ашиглахыг хориглосон билээ.
Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Зуслангийн товчоо, Байгаль хамгаалах тасаг зэрэг байгууллага хамтран Яргайтын нийтийн эзэмшлийн талбай дахь жорлонгуудыг дарж эхэлж байсан түүхтэй.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 80 гаруй хувь нь бохирдсон гэсэн дүн гарчээ. Үүнээс гадна нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судлаад 92 хувь нь нянгийн бохирдолтойг тогтоосон байна. Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь нүхэн жорлон.
Жорлонгууд зөвхөн хөрсийг буртаглаад зогсохгүй, гүний усанд ч халдах болсныг мэргэжилтнүүд сануулсан билээ. Гэвч өдгөө экс дарга, сайд нарын тушаал огт хэрэгждэггүй бололтой.


