Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипиний багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.
Филиппин сүүлийн 2 тоглолтдоо шигшээ Малайзын шигшээд 2:0, Сингапурт мөн 2:0-ээр хожигдоод байгаа юм. МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 11 жилийн өмнө буюу 2011 оны 3 дугаар сарын 15-нд үндэсний шигшээ багийн шилдэг тоглогч Д.Лхүмбэнгарав, Б.Гарьдмагнай нарын гоолоор Талын хөх чононууд Филиппиний шигшээ багийг 2:1-ээр хожиж байлаа. Энэ тулаанд ялсан ч нийлбэр дүнгээр 2:3-аар хожигдож манай шигшээ АХБХ-ны AFC Challenge cup тэмцээнд оролцох эрхээ алдаж байсан юм.
Талбайдаа хожиж байсан багтаа дахин нутгийн талбай, Монгол хөгжөөн дэмжигчдийн хүчийг мэдрүүлж, оноо авах чухал ч Филлипинчүүд тэр үеэс ихээхэн чансаа ахисан байгаа.
Тэдний багийн гол тоглогчид нь Лондонд төрж, Английн мэргэжлийн клубүүдэд тоглож байгаа өдгөө “Бирмингем” клубд данстай хаалгач Нэйл Этериже, Германд төрж өссөн, одоо Бундес лигийн “Бохум” клубт тоглож байгаа Геррит Холтмен нар юм.

