Биеийн тамир спортын газар, салбарын яамтай хамтран зохион байгуулдаг “Тамирчдын баярын өдөр” өчигдөр болж өнгөрлөө. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг энэ удаад орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Энэ үеэр Сүхбаатарын талбайд олны танил болсон тамирчид үе үеийнхээ тамирчдад хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын гол эздийн нэг нь хүндийн өргөлтийн мастер, МУГТ М.Анхцэцэг байсныг манай папараци дуран онцолж байна.
Зөвхөн тив, дэлхий, олимпийн наадамд үзүүлсэн томоохон амжилтаас цухас дурьдахад л тамирчин М.Анхцэцэг маань Монголын туйванчдаас 2016 онд Ази тивийн аварга , 2016 онд Оюутны дэлхийн аварга, 2017 , 2019 онд Дэлхийн аваргын хүрэл медаль, 2017 онд Ази тивийн залуучуудын аварга, Азийн тулааны болон танхимын спортын наадмын аварга, “Рио-2016” олимпийн наадамд наймдугаар байр гээд олон арван “ анхны”, “ алтан” , “түүхэн” амжилтын эзэн билээ.