Пара Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-20 ны өдрүүдэд БНСУ-д болсон. Тус тэмцээнд Хөдөлмөрийн Баатар МУГТ Э.Содномпилжээ, дасгалжуулагчийн хамт оролцсон ч, Төрийн далбайг буруу хийсэн тул тус тугийг барьж нээлтэд барьж гарахгүй гэдгээ илэрхийлж, тэмцээний зохион байгуулагч талд гомдол гаргаад тэмцээний нээлтийг орхин гарсан билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр буюу “Тамирчдаа алдаршуулах өдөр”-ийн үеэр манай сайтын дуранд өртснийг уншигч танаа сонирхуулж байна.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээгийн хувьд “Токио-2020” паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж 241 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоож байсан юм. Түүний амжилтуудаас дурдвал, 2016 онд 210 кг өргөж Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 кг өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн байсан юм.