Монголын театрын урлагийг “Хасар” Жагаа буюу АЖ Б.Жаргалсайхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Өдгөө 58 настай тэрбээр Дундговь аймгаас гаралтай, Москва хотын Театр урлагийн дээд сургууль /ГИТИС/- ийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 1987 онд төгссөн нэгэн.
Багаасаа үндэсний бөхөөр хичээллэж багагүй амжилт үзүүлж, өнөөгийн гадаад төрхөө бүрдүүлсэн түүнийг манай папараци дурандаа буулгажээ.
Түүний хувьд УДЭТ гэх босго өндөртэй их айлд хамгийн удаан ажиллаж буй жүжигчин гэдгээрээ онцлогтой. Нийгмийн өөрчлөлтийн он жилүүдэд тэрбээр бусад шиг зах зээл хөөж хошин урлаг, шоу тоглолт руу урвасангүй, 1987 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байгаа билээ.
Энэ хугацаанд “Мөнхтэнгэрийн хүчин дор” киноны хааны дүү Хавт Хасарт тоглосон нь түүнийг хайрлах, хайр хүндэтгэлийг үзэгч түмэнд бий болгосон. Хэзээд хааны дүрд биш Хасарын дүрдээ хайртай гэдэг АЖ Б.Жаргалсайхан дөрвөн хүүхдийн эцэг.
Хэдийнээ ач зээгээ үзэж, өвөөгийн үүргийг биелүүлэх болсон тэрбээр 2021 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчин, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж эхэлсэн гэдэг.



