УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр ажлаа орхин Америк орныг зорьж одсон.
Харь орны томоохон сургуульд суралцаж Монголдоо эргэн ирээд удаж буй. Тэгвэл тэрээр цахим хуудаснаа “Эрт цагт алтан үеийн ах эгч, эмээ өвөө агуу жүжигчид, найруулагч нар маань урлаг соёлын үйлчилгээг ард түмэндээ түгээж, соён гэгээрүүлэх ажилийг улс орон даяар түгээж уйгагүй ажилласныхаа төлөө сайдын дайтай цалин авдаг байсан гэж нэгэнтээ сонсож байснаас, нүдээрээ үээгүй ээ. Тэр үед тэр чинээгээрээ л урлаг соёлын үйл ажиллагаа, уран бүтээл нь чанартай байж, уран бүтээлчид нь үнэ цэнэтэй мэдлэг туршлагатай байж, чанартай сайхан бүтээлүүдийг төр засгийн дэмжлэгтэйгээр ар араас нь гаргадаг, бүхийл уран бүтээлд чанарын хувьд өндөр шаардлага, өндөр цэнзүүр тавьдаг байсан байх.
Ардчилал гарснаас хойш их хямрал, и захгүй мөнгөний ханшны уналт, инфляц жил жилээр, сар сараар, өдөр өдрөөр унаж, сүүлдээ одоо бараг худалч хүнд хоногийн цагаар тоологдож хэмжигдэхээр мөнгөний ханш хурдтай унаж байхад хот хөдөөгүй хэдэн муусайн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид маань тэртээ хэдэн жилийн өмнө байсан байрандаа л, хаягдсан хэвээр!
Энэ бүх хугацаанд төр засаг маань соёл урлагийн салбарыг бүхэлд нь хаяж, яамыг нь хүртэл татан буулгаж эзэнгүй салбар болгон орхиж, гээгдүүлсэн.
Хаа очиж хэдэн муусайн уран бүтээлчид нь хоолтой ч, хоолгүй ч, ядарсан ч, шантарсан ч, гутарсан ч ажил мэргэжилдээ хайртай, дуртайдаа л үнэнчээр зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөсөөр өнөөдрийн дайтай соёл урлагаа өдий дайтай авч яваа нь үнэн!
Цалин нэмж байгаа нэрээр зүгээр л гурилддаг. Баримт дээр тулгуурлаж ярихад тэртээ
2013 оны 1 сараас 2023 оны 1 сарын хооронд 10 жилийн хугацаанд цалин маань ердөө 300,000 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байх юм?! Тэгээд гар дээр олгодог цалин нь төрөөс татдаг татвараасаа байнга бага байх юм? Тэгсэн хэрнээ тэтгэвэр тогтоох болохоороо төрөөс сар бүр татаж байгаа мөнгөндөө хүрэхгүй, доогуур нь бодогдож тогтоогдох юм?!
ЭНЭ ШУДРАГА ЁС УУ?
Оны өмнө цалин нэмж байна гээд сүйд болсон. Ажилласан жилийнх нь тоогоор хувьчилж цалин нэмж байна гэдэг нэрээр ард түмнийхээ тархиар наадсан. 11 жил ажилласан хүн 700,000 авдаг бол 70к нэмэгдэж, 2 жил ажилласан хүн 7к нэмэгдэх жишээний… тэгээд мэдээж
*НДШ
*ХАОАТ
*ҮЭХ
*НӨАТ
гэх мэтээр татвараа авна. Буцаан олголт өгч байгаа нэртэй луйвар нь 2% өгч байгаа нэрээр хэдхэн хүмүүсийн гарыг цайлгаж хуурдаг, мал аж ахуйн системтэй…
Төр засаг минь ингэж ард түмнээ маллаж, хөдөлмөрийн мөлжлөг хийхгүй ээ!!! Ирснээсээ хойш миний анзаарсан хамгийн муухай зүйлсийн нэг бол энэ улсад хөдөлмөрийн мөлжлөг гэдэг зүйл манай төр засгаасаа аваад, соёл урлаг, сэтгүүл зүй, ер нь бараг бүх салбарт нэвширтлээ газар авсан байгааг анзаарлаа. Бүр залуужсан. Шинээр уран бүтээл хийж гарч ирж байгаа залуучууд нь хүртэл энэ луйврыг нь гарамгай сайн суралцан, хөгжүүлж байна. Тэгээд хууль үйлчилдэг газар алга!
Одоо манай мэргэжлийн урлагийн байгууллагын мэргэжилтэн, ажилтан албан хаагч, уран бүтээлчид маань үнэхээр захын жижиг байгууллагын цэвэрлэгчээс дор цалин авч байгаа нь үнэн!!!
Соёл урлагийнхан маань нэр нүүрээ бодоод иймэрхүү юман дээр тэр бүр хэл ам хийдэггүй. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү!!!
Ийм байдал хэрээс хэтэрсэн учир хамаг мэргэжилтэн, хүний нөөц, боловсон хүчнээ гадагшаа хар ажилд алдаж дууслаа. Амьдрахын тулд явж байгаа улсыг яалтай. Аргагүй шүү дээ…
АНУ-д сургууль төгсөж ирээд, УДЭТ – иргэж ороод анхны цалин орлоо гэсэн мэссэжээ аваад ихэд догдлолтой хараад үнэхээр ой гутсан. Анхны цалин маань 348к орсон. Арай ч үгүй байлгүйдээ гэж бодоод би энэнд итгээгүй. Бүр хүний нөөц дээрээ хүртэл орж асууж, шалгуулсан. Үнэн байсан. Тэгээд за яахав нэг иймэрхүү л дүн орох нь дээ гэж бодтол сарын сүүлийн цалин маань 278к орсон. Ийм цалингаар өнөөдөр хэн яаж амьдрах вэ?
Би 2005 онд СУИС Хөгжимт Драмын ангийг онц дүнтэй төгссөн. Мэргэжлээрээ чадах чинээгээрээ чин сэтгэлээсээ амжилттай ажилласан. 2015 – 2020 оны хооронд АНУ-д мэргэжил дээшлүүлээд, мастер хамгаалаад ирсэн. Өнөөдөр төр засаг маань ингэж л үнэлж байна. Бодит байдал ийм л байна.
Би юуны төлөө АНУ – д сургуульд сурч, боловсрол дээшлүүлж, алтан цаг хугацаа мөнгөө үрээд ирсэн билээ. Эх орноо л гэж ирсэн. Гэтэл өнөөдөр иймэрхүү байдалтай л үнэлж байна.
Монголд ингэж амьдрахаар ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө буцаад явдаг ч юм бил үү гэж боддогоо нуух юун. Учир нь надтай адил гадаадад сургууль төгсөж ирээд, Монголд амьдрах аргагүй болохоор гэр бүлээрээ буцаад гадагшаа явж байгаа асар олон мэдлэг боловсролтой сайхан залуу боловсон хүчингүүд зөндөа байна. Тэднийг буруутгахгүй, зөвтгөдөгөө нуух юун!
Манай Соёлын салбарын мэргэжлийн урлагийн байгууллагын нийт 7000 хүрэхгүй мэргэжилтэн, ажилтан албан хаагч, уран бүтээлчид байдаг. Тэдний асуудлыг шийдэж ядаад байх хүндрэлтэй зүйл байхгүй л байлтай.
Эдгээр хүмүүс зүгээр мөнгө нэхээгүй, өөрсдийн хийж бүтээж буй ажил хөдөлмөрөө үнэлүүлэхийг, цаг үетэйгээ хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж амьдрахын тулд хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлэхийг л хүсч байна” гэжээ.

