Уншигч та бүхэн онгоцонд бууц суухдаа заавал автобусаар зорчдог бөгөөд онгоц нисэх буух талбайд “хараа хяналтгүй” нэг алхах хориотой байдаг билээ.
Тэгвэл уг талбайд хэсэг бүлэг нөхдийг архидуулах зорилготой нэгэн шоуг хийгдэх гэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл баячуудын “элийрэл”, “хийрхэл” хэт газар авч онцгой бүсэд төрийн алба хаагчдаар хамгаалуулан архидах гэж байна.
Тодруулбал, “Буянт-Ухаа” нисэх буудлын талбайд 5,000,000 төгрөгийн такстай шоу хийгдэх гэж байгаа бөгөөд чухам тааваараа архидаарай гэсэн далд утгатай сурталчилгааг цахимд тараасаар байна.

Хүн наргиж цэнгэж бололгүй яахав. Гэхдээ онцгой бүсэд, онгоц хөөрч буудаг талбайд архидалтыг зохион байгуулж байгаа нь зохисгүй үйлдэл юм.
Ядаж ийм “элийрэл”-д салбарын сайд нь анхаарал хандуулаад зогсоох шаардлагатай байна.
Ийнхүү эсэргүүцэхийн учир нь өчигдөр /2023,05,10/ ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурваст осоолдсон. Энэ асуудалд цагдаа, онцгой, ШШҮХ зэрэг байгууллагууд мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Асуудлыг шалгаж дуустал багагүй хугацаа орно. Гэтэл эхний асуудал нь дуусаагүй байхад архидана гэдэг …
Зориулалтын талбайг зориулалтынх нь дагуу ашиглаад ийнхүү асуудалтай байхад зориулалтын бусаар ашиглах юм бол олон эрсдэл бий гэдгийг нисэхийнхэн хэлэх биз!!! Мөн уг архидалтаас үүсэх эрсдэлийн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгаа юм.
Онцгой бүсэд хамаарах онгоцны бууж, хөөрөх талбайд архидаж байгаа улсууд тааралдсан газартаа бөөлжиж, бие засаж ойр орчмыг бохирдуулах нь тодорхой бөгөөд энэ мэт асуудалд салбарын сайд С.Бямбацогт та анхааралдаа авч, зориулалтын талбайг зориулалтаар нь ашиглуулна уу!!!


